Дэлхийн хамгийн тайван орныг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СИДНЕЙ, 2025 оны есдүгээр сарын 1 /CNN/. Галт уул, халуун рашаан, ер бусын үзэсгэлэнт байгалиараа алдартай Скандинавын Исланд орон Дэлхийн энх тайвны индексээр дэлхийн хамгийн тайван улсаар дахин шалгарчээ.
Австралийн Сидней
хотод төвтэй Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс /IEP/ эрхлэн гаргадаг тус индекс нь дэлхийн 163 улс, нутаг дэвсгэрийг
нийгмийн аюулгүй байдал, аюулгүй байдлын үзүүлэлт, дотоодын болон олон улсын мөргөлдөөнд оролцсон байдал, мөн цэрэгжилтийн түвшин зэрэг шалгуураар эрэмбэлдэг.
Исланд нь 2025 онд уг индексийг тэргүүлсний
зэрэгцээ Дэлхийн аз жаргалын тайлангаар
дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн бөгөөд дэлхийн хойд хагас бөмбөрцөг дэх жуулчдын хамгийн очих дуртай
орнуудын нэгд зүй ёсоор тооцогддог билээ.
Тэгэхээр Исланд болон жагсаалтын эхний тавд багтсан Ирланд, Шинэ Зеланд, Австри, Швейцар зэрэг орнууд юугаараа онцлогтой байна вэ? гэсэн асуулт урган гарч ирж байна.
Дэлхийн энх тайвны индексийн тайланд энэ талаар бичихдээ, мөргөлдөөн, тодорхой бус байдлын үед энх
тайвныг бий болгох гол түлхүүр
нь тайван нийгмийг бий
болгож, дэмжин тэтгэдэг хандлага, институц, бүтэц юм гэжээ.
Дэлхийн энх тайвны индексийг 2008 онд гаргаж эхэлснээс хойших жилүүдэд улс орны дундаж оноо 5.4 хувиар буурсан байна. Түүнчлэн хамгийн
тайван болон хамгийн тайван
бус орнуудын хоорондын ялгаа мөн энэ хугацаанд 11.7 хувиар нэмэгджээ. 2025
оны тайланд “дэлхий даяар
хүчирхийлэл, мөргөлдөөний хямрал нүүрлэж байна, 2023 онд 59 мөргөлдөөн гарсан нь Дэлхийн II дайн дууссанаас хойших
хамгийн өндөр тоо юм” гэдгийг
онцолсон байна.
Энэ удаагийн
жагсаалтаар ОХУ анх удаа дэлхийн хамгийн тайван бус орон болсон бол Украин тус улсын өмнө
нь жагсжээ. АНУ-ын хувьд
энэ индексээр доогуур байр эзэлдэг бөгөөд Хондурас, Бангладеш, Уганда зэрэг орнуудын дараа 128 дугаарт бичигдэж байна. Үүнд цэрэгжилтийн өндөр түвшин голчлон нөлөөлсөн бөгөөд АНУ
индексийн шалгуурын дагуу жагсаалтын
сүүл хэсэгт орсноор Умард Солонгос /149/, Израил /155/, Украин /162/ болон Оростой /163/ ойролцоо жагсжээ.