Газын зурвасаас Израил руу 4070 орчим пуужин харважээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Тавдугаар сарын 10-наас хойш Газын зурвасаас Израилын хотууд руу 4070 орчим пуужин харваснаас 610 нь Газын зурваст унажээ.
Израилын армийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Газын зурвасаас харвасан пуужингуудын 90 орчим хувийг нь пуужингийн довтолгооноос хамгаалах “Төмөр дээвэр” системээр амдан сөнөөсөн байна.
Израил-Палестины мөргөлдөөн тавдугаар сарын эхээр хурцдаж эхэлсэн бөгөөд энэ сарын 10-наас хойш харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Энэ нь Зүүн Иерусалим хотод дэгдсэн мөргөлдөөнөөс үүдэлтэй. Тодруулбал, тус хотын Шейх-Жарах хорооллын байшингуудыг тэнд амьдардаг араб гэр бүлүүдээс хураан авах Израилын шүүхийн шийдвэрийн улмаас эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, Израилын талаас 12 хүн амиа алдаж 50 гаруй хүн шархадсан бол Палестины Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, Газын зурваст амиа алдсан хүний тоо 250 болсноос 60 нь хүүхэд, 30 гаруй эмэгтэй байжээ.