ХАА-г дэмжихэд олгох зээлийн нөхцөл өнөөдрөөс бүрдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-05 09:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас мэдээлснээр 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлд 639.3 тэрбум төгрөгийг 9304 зэлдэгчид олгоод байна. Үүнээс ААН-д 353.3 тэрбум, иргэдэд 286 тэрбум төгрөгийг олгожээ. Одоогоор арилжааны банкуудад 5.5 их наяд төгрөгийн зээл авах хүсэлт ирээд буйг Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Н.Мандуул мэдээллээ. 1.7 их наяд төгрөгийн зээлийг судалж буйг мэдэгдлээ.



Монголбанкны репо зээлийн дахин санхүүжилтээр 310 тэрбум төгрөгийг 1766 зээлдэгчид олгоод байна. Ипотекийн зээлд 233 тэрбум төгрөгийг 3170 зээлдэгчид олгоод байна. Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд энэ 7 хоногоос ХАА-н салбарт олгох 500 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөл бүрдээд буйг Сангийн яамнаас мөн мэдээлэв. Арилжааны банкууд зээл авагчдаас хүсэлтээ хүлээн аваад эхэлжээ. ХАА-г дэмжих зээлийг ангилбал:

  • Хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, (1 жилийн хугацаатай)
  • Ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг, (1 жилийн хугацаатай)
  • Малчдыг дэмжих зээлд мөн 200 тэрбум төгрөгийг (3 жилийн хугацаатай) тус тус олгох юм.

Хаврын тариалалтад олгох зээлийг газар тариалангийн ААН-үүдэд бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, мөн ижил зориулалтын зээлийг дахин санхүүжүүлэх юм.

Ноолуурын зээлийг ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий үйлдвэрлэлтэй ААН-үүдэд бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай түүхий ноолуур худалдан авахад шинээр олгох болон өмнөх зээлийг дахин санхүүжүүлж дэмжих зорилгоор олгох бол малчдыг дэмжих зээл нь малчин, малтай этгээдэд банкны ижил төрлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр зээл олгохоор болжээ. 


Связанные новости