Жо Байден Конгрессын танхимд үг хэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. Жо Байдены АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойших эхний 100 дахь хоног өнөөдөр тохиож буй юм. Тэрбээр энэ өдрийг угтан Конгрессын хоёр танхимд хандан анх удаа үг хэллээ. Ингээд түүний мэдэгдлээс онцлох хэсгүүдийг хүргэж байна.
- АНУ ОХУ-тай харилцаагаа хурцатгахыг эрмэлзэхгүй байгаа боловч Москвагийн явуулж буй үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авна гэж Жо Байден мэдэгдэв.
- Түүний үзэж байгаагаар, АНУ 21-р зуунд ялахын тулд БНХАУ болон бусад улстай өрсөлдөж байна.
- АНУ-д учирч буй терроризмын гол аюул занал бол дотоодын арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж тэрбээр үзэж байна.
- Жо Байден мөн Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс нь хойш АНУ-д COVID-19-ийн 220 сая тун вакцин хийсэн талаар ярилаа.
- Улс оронд нийгмийн шинэчлэл хийхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг хөндөхдөө, тэрбээр жилд 400 мянга гаруй долларын орлого олдог, Америкийн хамгийн баян хүмүүсийн татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
- Галт зэвсгийн хэрэглээ АНУ-ын хувьд тахал болсон гэв.
- БНАСАУ, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой аюулыг сөрөн зогсоход Вашингтон холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэв.
- АНУ Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн хүчирхэг оролцоогоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байна, гэхдээ Хятадтай зөрчилдөхийг эрэлхийлээгүй гэж тэрбээр хэллээ.
- Тэрбээр мөн Афганистан дахь АНУ-ын цэргийн кампанит ажил нь хэдэн үеийг дамжсан үндэсний бүтээн байгуулалт болж хувирах ёсгүй гэж цохон тэмдэглэв.
- Байден мөн дэд бүтэц, ажлын байр бий болгох 2.2 их наяд долларын өртөгтэй төлөвлөгөөгөө танилцууллаа. Түүний хэлснээр, энэхүү багц арга хэмжээ нь ажилчин ангийг дэмжихэд чиглэгджээ. Энэхүү санаачилгыг хэрэгжүүлснээр "олон сая ажлын байр бий болж, эдийн засгийн өсөлтийг ирэх жилүүдэд их наяд доллароор хангана" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
- Цар тахалтай холбогдуулан америкчуудад жороор олгодог эмийн үнийг бууруулахыг дахин уриалав. "Америкийн эрүүл мэндийн үйлчилгээ нь давуу эрх олгодог биш тэгш үйлчилдэг байх ёстой" гэж Байден хэллээ.