Цар тахал улс орнуудын цэргийн зардалд төдийлөн нөлөөлсөнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-26 12:38:23

СТОКХОЛЬМ. /TASS/. 2020 онд дэлхийн улс орнуудын цэргийн зардал өмнөх оныхтой харьцуулахад 2.6 хувиар өсөж, 1 их наяд 981 тэрбум ам.долларт хүрлээ гэж Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /СИПРИ/ шинжээчдийн гаргасан тайлан мэдээнд дурджээ.


Цэргийн зардлын хэмжээгээр эхний тавд АНУ, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Их Британи орсон байна. 


"2020 онд цар тахалтай байсан хэдий ч дэлхийн цэргийн зардалд төдийлөн нөлөөлөөгүй гэж бид баттай хэлж чадна. Цар тахлын хоёр дахь жилд улс орнууд энэ түвшнийг хадгалах эсэхийг харах л үлдлээ" гэж СИПРИ- гийн Зэвсэг, цэргийн зардлын хөтөлбөрийн судлаач Диего Лопес да Силва хэвлэлийнхэнд зориулж мэдээлэл хийхдээ мэдэгджээ.


Өнгөрсөн онд голчлон хөл хориотой холбоотой эдийн засгийн үр дагаврын улмаас Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 4.4 хувиар буурсан ч цэргийн зардал өссөн болохыг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Үүний үр дүнд 2020 онд цэргийн ачаалал (ДНБ-д эзлэх зардлын хувь) дунджаар 2.4 хувь болж, өмнөх оныхоос 0.2 хувиар өсжээ. Энэ нь 2009 оны санхүүгийн хямралаас хойш хамгийн их хувиар өссөн үзүүлэлт юм.


Дэлхийн улс орнуудын цэргийн зорилгоор зарцуулсан нийт мөнгөн дүнгийн хэмжээ өссөн хэдий ч зарим улс цэргийн зардлаа бууруулсан байна. Тухайлбал, Бразил, ОХУ төлөвлөж байснаасаа хамаагүй бага хөрөнгө зарцуулжээ.


СИПРИ -гийн тайланд мэдээлснээр, ОХУ-ын цэргийн зардал 2.5 хувиар өсөж, 61.7 тэрбум ам.доллар (2011 оноос хойш 26 хувиар өссөн) болсон байна. Тус улсын цэргийн зардал хоёр дахь жилдээ дараалан өсжээ. Гэсэн хэдий ч цар тахлын улмаас өнгөрсөн онд цэргийн зорилгод зарцуулсан бодит зардал төсөвт тусгагдсанаас 6.6 хувиар бага байна.


АНУ, БНХАУ-ын цэргийн зардал өсжээ

АНУ-ын цэргийн төсөв анх төлөвлөсний дагуу 778 тэрбум ам.доллар байсан нь 2019 оныхоос 4.4 хувиар өсгөсөн зардал юм. Дэлхийн улс орнуудын цэргийн нийт зардлын 39 хувийг тус улс эзэлсэн байна. АНУ-ын цэргийн зардал долоон жил буурсны дараа гурав дахь жилдээ дараалан өсжээ.


“Өнгөрсөн онд АНУ-ын цэргийн зардал өссөн нь судалгаа, техникийн хөгжилд оруулсан томоохон хөрөнгө оруулалт, мөн цөмийн зэвсгийг шинэчлэх, их хэмжээний зэвсэг худалдан авах зэрэг урт хугацааны олон төслүүдтэй холбоотой гэж үзэж болно” гэж СИПРИ-гийн Зэвсэг, цэргийн зардлын хөтөлбөрийн эрдэм шинжилгээний ажилтан Александр Маркстейнер бичсэн байна.


2020 онд БНХАУ-ын цэргийн төсөв 26 дахь жилдээ тасралтгүй өссөн бөгөөд 252 тэрбум ам.долларын хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт жагсав. Өмнөх оныхтой харьцуулахад тус улсын цэргийн зардал 1.9 хувиар, 2011 оноос хойш 76 хувиар өсжээ.


Өнгөрсөн онд эдийн засаг нь өссөний ачаар цэргийн зардлын өсөлт нь ДНБ-д цэргийн ачааллыг нэмэгдүүлээгүй цорын ганц улс бол БНХАУ юм. Тус улсын цэргийн зардал тасралтгүй өсөж байгаа нь цэргийн бусад томоохон гүрнүүдийг гүйцэж түрүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдлийнхээ дагуу төлөвлөгөөгөө өргөжүүлэх, цэргийн шинэчлэл хийх урт хугацааны хөтөлбөртэй зарим талаар холбоотой гэж гэж СИПРИ -ийн ахлах судлаач Нан Тиан үзэж байна.


Европ, НАТО

СИПРИ-гийн тайланд тэмдэглэж буйгаар, НАТО-гийн бараг бүх гишүүн орон өнгөрсөн онд цэргийн зардлаа нэмэгдүүлжээ. Тодруулбал, 12 улс ДНБ-ий 2 ба түүнээс дээш хувийг цэргийн хэрэгцээнд зарцуулсан бөгөөд энэ нь зардлын талаарх эвслийн үндсэн чиглэлтэй нийцэж байгаа юм. Жилийн өмнө ийм есөн орон байсан байна. Дэлхийд наймдугаарт жагссан Франц улсын цэргийн зардал 2009 оноос хойш анх удаа хоёр хувийн босгыг давжээ.


Тавдугаарт орсон Их Британийн цэргийн зардал 2020 онд 59.2 тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оныхтой харьцуулахад 2.9 хувиар их, 2011 оныхоос 4.2 хувиар буурсан үзүүлэлт аж.


Герман улс цэргийн зардлаа 5.2 хувиар нэмэгдүүлж, 52.8 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Тус улс цэргийн зардлаар долоодугаарт орсон бөгөөд өнгөрсөн оны зардал нь 2011 оны үзүүлэлтээс 28 хувиар нэмэгджээ.


Европын орнуудын нийт зардал өнгөрсөн онд 4 хувиар өссөн байна.


Дэлхийн бусад бүс нутаг

Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн хамгийн их төсөвтэй орнуудын тоонд Энэтхэг /72.9 тэрбум ам.доллар/, БНСУ /45.7 тэрбум ам.доллар/ болон Австрали /27.5 тэрбум ам.доллар/ орж байна. Эдгээр бүх улс батлан​​ хамгаалахын салбарт төсөвлөсөн зардлаа 2019 онд ч сүүлийн арван жилийн хугацаанд ч нэмэгдүүлжээ.


Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудын цэргийн зардал 3.4 хувиар өсөж, 18.5 тэрбум ам.доллар болсон байна. Сахелийн бүсэд байрладаг Чад (31 хувь), Мали (22 хувь), Мавритани (23 хувь), Нигери (29 хувь) улсууд, мөн Уганда (46 хувь) улсын зардал хамгийн их өсжээ.


Өмнөд Америкийн орнуудын цэргийн зардал 2.1 хувиар буурч, 43.5 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь бүс нутгийн орнуудаас цэргийн хэрэгцээндээ илүү их мөнгө зарцуулдаг Бразил цэргийн төсвөө (3.1 хувь) эрс бууруулсантай холбоотой юм.


Ойрхи Дорнодын 11 улсын нийт зардал 6.5 хувиар буурч, 143 тэрбум ам.долларт хүрчээ.


ОПЕК буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн 9 орны найм нь өнгөрсөн онд цэргийн төсвөө танасан байна. Ангол улс төсвөө 12 хувиар, Саудын Араб 10 хувиар, Кувейт 5.9 хувиар бууруулжээ. ОПЕК-ийн гишүүн бус Бахрейн улс зардлаа 9.8 хувиар бууруулсан байна. 


Өнгөрсөн онд хамгийн их цэргийн төсөвтэй 15 орноос Саудын Араб (0.6 хувь), ОХУ (0.5 хувь), Израил (0.4 хувь), АНУ-ын (0.3 хувь) ДНБ-д эзлэх зардлын хувь хамгийн их нэмэгджээ.


Связанные новости