Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 38,3 хувиар нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-31 15:05:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3,1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 845,2 (38,3 хувь) тэрбум төгрөгөөр өслөө.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 696,2 (49,1 хувь) тэрбум, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 125,4 (24,5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. 


Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 21,3 (8,2 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх салбарын үйлдвэрлэл 2,4 (11,3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.


Нийт үйлдвэрлэл өнгөрсөн сард 1,5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 107,3 (6,8 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 58,3 (5,4 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 371 (56,5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нүүрс олборлолт 142,3 (54,2 хувь) тэрбум, газрын тос олборлолт 62,8 (9,5 дахин) тэрбум, металлын хүдэр олборлолт 165,6 (44,8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, хүрэн нүүрс, алт, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 4,8 хувиас 2,4 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, гурил, согтууруулах ундаа, шингэн сүү, самнасан ноолуур, малын мах, нүүрсэн шахмал түлш, баяжуулсан нүүрс, амны хаалт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4,9 хувиас 5 дахин өсөв.


Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдрийн олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 1,3, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, шохой, ус, ундаа, жүүс, гар ариутгагч, ноолууран сүлжмэл эдлэл, металл бэлдэц зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8,2-99,4 хувиар багаслаа.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний 2 сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 4,1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1,9 (86,8 хувь) их наяд төгрөгөөр өсөв. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1,8 (2,5 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 1,8 (2,5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолт нэг (2,3 дахин) их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт 710,5 (3,2 дахин) тэрбум, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 91,3 (3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.


Нийт борлуулсан бүтээгдэхүүний 2,9 их наяд төгрөг буюу 70,6 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Үүний 2,6 их наяд төгрөг буюу 92,1 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлжээ. Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 57,6 хувийг металлын хүдэр олборлолт, 35,9 хувийг нүүрс олборлолт, 5,2 хувийг нүүрс, газрын тос, металлын хүдэр, бусад ашигт малтмал, уул уурхайн туслах үйл ажиллагаа газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 1,3 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлжээ.


Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) өнгөрсөн сард 129,8 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 28,8, өмнөх оны эцсийнхээс 1,5 хувиар өсөж, өмнөх сарынхаас 4,8 хувиар багассан байна.

Связанные новости