Зүүн Ази, Номхон далайн улс орнууд жигд бус сэргэлттэй нүүр тулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-03-30 14:56:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн шинэчилсэн тайланг танилцууллаа. Тайланд бүс нутгийн эдийн засаг болон БНХАУ, Монгол Улс, Вьетнам зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн өсөлтийн төлөв, "COVID-19"-ийн цар тахлын нөлөө, голлох эрсдэл болон боломжийн талаар багтаан дурджээ.


Бүс нутгийн эдийн засгийн талаарх шинэчилсэн мэдээнд дурдсанаар, "COVID-19"-ийн цар тахал эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй улс орнууд илт жигд бус сэргэлттэй нүүр тулаад байна. Гагцхүү БНХАУ болон Вьетнам улс 2020 онд V-хэлбэрийн сэргэлтийн замд орж, эдийн засаг нь "COVID-19"-ийн өмнөх түвшнийг даваад байна.  


Бусад томоохон эдийн засагтай улс оронд өсөлт цар тахлын өмнөх түвшнээс дунджаар 5 орчим хувиар доогуур хэвээр байв. Номхон далайн арлын улс орнууд бусдаас илүү хүнд цохилтод ороод байна. Эдийн засгийн төлөв байдал нь корона вирусний тархалтыг тогтоон барихад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн, олон улсын худалдааны сэргэлтийн давуу талыг ашиглах чадвар, улс орнуудын төсөв, санхүүгийн болон мөнгөний бодлогын дэмжлэг үзүүлэх чадавхаас хамаарч байна.

Бүс нутгийн өсөлт 2020 онд урьдчилсан тооцоогоор 1.2 хувиар өссөн бол 2021 онд 7.5 хувь болж хурдсах төлөвтэй байна. Монгол Улсын хувьд глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх үйл ажиллагаа нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт хийгдсэнээр иргэд болон ААН-үүд цар тахалтай дасан зохицон, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байгааг дурджээ.


Связанные новости