"Органик бүтээгдэхүүн"-ий эко шошго хэрэглэх эрх олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас "Био Эко" бэлдмэлд "Органик бүтээгдэхүүн" эко шошго хэрэглэх эрхийн бичиг олголоо. "Технологийн инкубатор" ХХК-ийн тус бэлдмэл нь байгаль орчинд ээлтэй, хүн амьтанд сөрөг нөлөөгүй, химийн орц найрлагагүй микробиологийн органик бүтээгдэхүүн бөгөөд үйлдвэрлэлийн менежмент, чанарын үзүүлэлтүүд нь органик бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хангажээ.
Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас үндэсний, байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд сайн дурын үндсэн дээр "Органик бүтээгдэхүүн/Certified organic" шошго олгодог.
Эко шошго нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, боловсруулж буй ААН нь тогтвортой, органик үйлдвэрлэл эрхэлж буйг гэрчлэх тэмдэг болдог байна. Тодруулбал, байгалийн нөөцийг хэмнэсэн, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал, алдагдал, хаягдал багатай, байгаль орчныг бохирдол, доройтлоос сэргийлсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг баталгаажуулах зорилгоор "Органик бүтээгдэхүүн"-ий эко шошго хэрэглэх эрхийг олгодог байна.