С.Дэмбэрэл: Манай улс сансрын техник, технологийн нэгдсэн лабораторитой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-17 09:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний  40 жилийн ой энэ онд тохиож, уг ойг манай улс ойрын өдрүүдэд тэмдэглэх гэж байна. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн энэ ойг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэлтэй сансар судлалын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрээр ойг угтаж Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвөөс байгуулсан Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна.


-Манай улсад сансар судлал өнөөдөр ямар байдлаар хөгжиж, хувь нэмэр оруулж байна вэ?

-Сансар судлалын салбар өнөөдөр манай улсад сансрын мэдээллийг ашиглах, техник технологийг ашиглах гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Тодруулбал, сансраас мэдээлэл авч байна. Үүнийг шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид ашиглаж байна. Тухайлбал, одон орон болон геофизикийн судлаачид, байгаль орчин цаг уурын эрдэм шинжилгээний ажилтнууд, мөн батлан хамгаалахын зэрэг олон салбарын судлаачид сансрын мэдээллийг боловсруулан судалж улс ардын аж ахуй, нийгмийн амьдралд өргөн ашиглаж байна.


Манай улс сансрын зайнаас авсан мэдээллийг өөрсдийн судалгаа,

хэрэглээний ажилд боловсруулан ашиглаж байна.


Энэ судалгаа, шинжилгээ нь 1981 онд монгол хүн анх сансарт ниссэн тэр үеэс эхтэй юм. Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа гуай анх сансарт нисэж байхдаа сансраас зураг авч орон зай, цаг хугацааны өөрчлөлтийн мэдээллийг явуулж, мөн Монгол Улсын сансрын нисэгч М.Ганзориг тэр гэрэл зургууд, мэдээллийг боловсруулснаар манай улсад сансар судлал анхлан үүсэж хөгжсөн юм.  Одоог хүртэл тасралтгүй хөгжиж, энэ чиглэлийн судалгааг олон салбарын эрдэмтэд ашиглаж байна. Тухайлбал, доктор Ц.Адъяасүрэн орон зай цаг хугацааны мэдээллийг ашиглаад байгаль орчин, байгалийн баялгийн нөөцийг судлах чиглэлээр судалгаа явуулж байх жишээний.


Хоёрт, манайд сансрын техник технологийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ нь залуу, шинээр хөгжиж байгаа чиглэл юм. Энэ нь тухайн үеийн олон орны "Монсат" холбооны хиймэл дагуулаас эхтэй хөгжсөн. Энд манай улс оролцож байснаас бус хиймэл дагуул нь манай өөрийн судлаачдын хийсэн хиймэл дагуул биш. Сансрын холбооны чиглэлээр гадаад орнуудтай хамтран ажилласны хүчинд Монгол Улс өрийн “Монсат” гэсэн нэртэй хиймэл дагуулыг хөөргөж байсан. Тодруулж хэлбэл, манай улс өндөр хөгжилтэй орнуудыг түшиглээд сансрын хиймэл дагуулыг хөөргөж, сансрын хиймэл дагуулын холбоог ашиглаж ирсэн юм.

Харин "Мазаалай" хиймэл дагуулыг манай залуу эрдэмтэн, судлаачид өөрсдөө хийж бүтээн хөөргөсөн. Энэ бол Япон улсад эрдмийн гараагаа эхлүүлсэн манай МУИС-ийн залуу судлаачдын бүтээл юм. "Мазаалай" нь 10 см-ийн хэмжээтэй сubesat гээд бага оврын, хэрэглээний хиймэл дагуул юм. Мөн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд сансарт хөөргөж, анхны мэдээллийг эх дэлхий рүү илгээсэн. Үүний дагуу сансрын хиймэл дагуулыг хүлээж авах станцыг МУИС-ийн дэргэд байгуулж, энэ төслийн хүрээнд мэдээллийг хүлээж авч амжилттай ажилласан. Энэ нь зайнаас тандан судлах чиглэлээр Монголын эрдэмтэн судлаачдын хөгжүүлж буй техник технологи юм гэдгийг онцолмоор байна.


Монгол Улс “Тэмүүлэл” хиймэл дагуулыг 2022 онд сансрын тойрог замд нисгэнэ


Хоёр дахь хиймэл дагуул “Тэмүүлэл”-ийг МУИС-ийн доктор Эрдэнэбаатар, Төрөө нарын баг хамт олон хийж бүтээж байна. 2022 онд сансрын тойрог замд нисгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хиймэл дагуул хийхэд хамгийн түрүүнд санхүүжилт чухал хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл хиймэл дагуулыг хийх эд ангиудыг худалдан авч, угсраад бүрэн бүтэн хиймэл дагуул болгож сансарт хөөргөхөд их зардал гардаг. Энэ хүндрэлийг төр, засгийн дэмжлэгээр даван туулж, залуу судлаачид маань хиймэл дагуулаа сансрын тойрог замд амжилттай гаргана гэдэгт итгэл төгс байгаа. Техник, технологийн энэ байдал нь манай улсын сансар судлалын 2 дахь чиглэл болон хөгжиж байна.

-Хиймэл дагуул нисгэж хөөргөхөөс гадна сансар судлалын чиглэлээр цааш өөр ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Юуны өмнө манай улс сансрын чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг илүү тодорхой болгоно. Сансар судлалын чиглэлээр төрөөс баримтлах тодорхой бодлого бол байгаа. Одоо үүнийгээ улам нарийвчлаад, тодорхой болгож сансар судлалын чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон талтуудыг нэгтгэж, нэг дор зангидсан Сансрын зөвлөлийн ажиллагааг шинэ маягаар явуулах саналыг бид тавиад байгаа. Энэ бол шинээр гарч буй санал биш. Үүний өмнө нь бид Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойн үеэр санаагаа олж, эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний ярилцлагын үеэр сонирхогч талуудын хамт тавьсан юм.


Сонирхогч талууд гэдэг нь ШУА, МУИС, ШУТИС, Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ус цаг уурын газар, БХЯ, Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар юм. Эдгээр байгууллага сансрын хөгжлийн талаар үйл ажиллагаагаа нэгтгэж, нэгдсэн, нэг цонхны бодлого явуулах санал гаргасан. Үүнийгээ бид 40 жилийн ойн үеэр илүү тодорхойлон тавьж байна.

-Ямар саналуудыг тавьж байна?

-Нэгд, Сансрын зөвлөлийн үйл ажиллагааг шинэчилж, бодлогын асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Хоёрт, манай улс сансрын техник, технологийг хөгжүүлэх нэгдсэн, дундын лабораторитой болох хэрэгтэй байна. Энэ лабораторийг Засгийн газраас ШУА-ийн дэргэд байгуулсан Шинжлэх ухаан-инновацын кластерийн төвийн дэргэд байгуулах санал тавьж байгаа.  

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости