Б.Баярсайхан: Үндэсний брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах цахим хөдөлгөөн эхэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг 2020 оны 12 дугаар сарын 15, 16-нд зохион байгуулснаар үндэсний брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах цахим хөдөлгөөн эхэлж байна.
Үндэсний хөгжлийн газраас 12 дугаар сарын 15-нд ХХААХҮЯ, Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран гадаадын хөрөнгө оруулагчдад уул уурхайн бус ХАА, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулах боломж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар цахим илтгэл, мэдээлэл хийхээр болжээ. Монгол Улсад хөрөнгө оруулж амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулагчид амжилтын түүхээсээ энэ үеэр хуваалцах юм байна.
Тус газраас www.exportmongolia.org цахим хуудсанд экспортод чиглэсэн ноос ноолуур, арьс ширний үйлдвэрийн өргөтгөлийн төсөл, Аж үйлдвэрийн паркын төслүүдээс гадна хувийн хэвшлийн ХАА-н парк байгуулах төсөл, Мах махан бүтээгдэхүүн, ус ундаа, хүнсний үйлдвэрийн шинэ технологи ашиглах төсөл, Далайд гарцгүй манай орны хувьд загасны аж ахуйн төсөл зэрэг олон сонирхолтой төслийг байршуулаад, зохион байгуулагч байгууллагууд өөрсдийн шугамаар гадаадын хөрөнгө оруулагчдад тус арга хэмжээний талаар сурталчилж байна. Гадаадын хөрөнгө оруулагч төслүүдийг үзээд, сонирхсон төсөлтэй цаг товлон уулзах байдлаар В2В уулзалтыг зохион байгуулна.
Энэ удаагийн төсөл
танилцуулах уулзалтад уул уурхайн бус төслүүдийг онцолж, хөрөнгө оруулагчдад
танилцуулахаар бэлджээ. Тухайлбал, ноос ноолуур, арьс шир, оёмол сүлжмэл
бүтээгдэхүүн, хүнс, үүний дотор мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн
бүтээгдэхүүн, зөгийн бал, мал ах ахуй, ХАА-н болон аж үйлдвэрийн парк, эрүүл
мэнд, гоо сайхан болон бусад салбаруудын экспортод чиглэсэн, хөрөнгө оруулалт
шаардлагатай нийт /915 орчим сая долларын өртөг бүхий/ 30 гаруй төслүүдийг
хөрөнгө оруулагчдад санал болгож, цахим платформоор сурталчилж байна. Манай
улсад ХАА, МАА чиглэлийн асар их түүхий эдийн нөөц, боломжуудаа ашиглан
инноваци, нөү хоу, технологи шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон гадаадад
экспортлох үйлдвэрлэлийг бий болгох, өргөжүүлэх хүсэл сонирхолтой төслүүд
хэрэгжих бүрэн боломжтой.
“Экспорт Монгол 2020”
цахим форумын үр дүнд ААН, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний ажлыг зогсолтгүй
явуулах үүднээс дээр дурьдсан байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааны
үндсэн дээр ААН, компаниудад санхүүгийн болон бусад хүндрэл учруулахгүйн тулд
100 хувь үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. Цахим
форумаар төрийн болон хувийн хэвшлийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлогч,
хөрөнгө оруулагчид цуглан харилцан мэдээлэл солилцож, үйлдвэрлэл, худалдаа,
хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, боломжуудын талаар асуудал дэвшүүлсэн
хэлэлцүүлгүүд өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх боломжит бодлого, арга
хэмжээг тодорхойлох юм. Уг арга хэмжээний бас нэг зорилт болох
Монголын үндэсний брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах цахим хөдөлгөөн
үүгээр эхэлж, улмаар том зах зээлүүдэд нэвтрэх туршлага, сургалт болно гэж Үндэсний
хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан онцолж байна.