Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер өчигдөр Монгол Улс санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтаас буюу саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор мэдэгдэв.
ФАТФ-ын 10 дугаар сарын 23-нд зохион байгуулсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргасан юм. Чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй дэмжсэн. Мөн Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ахиц дэвшил гаргасанд баяр хүргэж, “Covid-19” цар тахлын хүнд хэцүү үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг онцлон тэмдэглэжээ.