ОХУ-ын ажиллагаанд АНУ санаа зовж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /NHK/. ОХУ “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны хүрээнд Сири болон Ирактай хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаад санаа зовж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.
АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ням гарагийн чуулганы үеэр Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан байна.
Ирантай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болон Сири, Ирактай мэдээлэл солилцох зэрэг ОХУ-ын арга хэмжээний талаар талууд хэлэлцжээ.
“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд ОХУ дээрх улсуудтай хамтран ажиллаж байна гэж Лавров мэдэгдэв.
“Бүх хүчин чармайлтыг харилцан зөвшилцсөн байх нь чухал. Үйл ажиллагаа газар авч байгаад АНУ санаа зовж байна” гэж Керри мэдэгджээ.
Ирак, Сири, Ирантай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар нэг талыг баримталсан ОХУ-ын алхамд санаа зовж байгаагаа Керри мөн илэрхийлсэн байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газарт цэргийн тусламж үзүүлэх зорилгоор ОХУ тус улсад сөнөөгч онгоцууд байрлуулсан. Энэ нь Сирийн тогтворгүй байдлыг улам даамжруулах болно гэж АНУ үзжээ. Мөн “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд үр дүнтэй оролцохыг АНУ ОХУ-аас уриалсан байна.
Д.Нямтулга
Комментарии