ДБ:Баялгаас олсон 1 ам.доллар тутмын 1 центийг хойч үедээ хуримтлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-17 13:27:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс сүүлийн 20 жилд эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө нэг центийг хойч үедээ хуримтлуулж байгааг Дэлхийн банкны гаргасан шинэ тайланд дурджээ.

Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулах шаардлагатайг зөвлөв.

Монгол Улс 2004 оноос хойш 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Засгийн газар 2011 оноос Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд сүүлийн 9 жилд 1,4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал орж, 1,2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар цэвэр дүнгээр 0,2 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын нөлөө гээд эрдэс баялгийн эрэл буурч болзошгүй тул Монгол Улс уул уурхайгаас илүүтэй оюун ухаанд түшиглэсэн хөгжилд анхаарахыг Дэлхийн банкны 2020 оны 9 дүгээр сарын “Уул уурхай ба оюун ухаан” тайланд онцолжээ. Мөн 2004 оноос эдийн засаг нь жил бүр дунджаар 7,2 хувиар өсөж ядуурлыг багагүй бууруулж, амьжиргааны түвшин тодорхой хэмжээгээр ахисан. Түүнчлэн капиталын нөөц харьцангуй сайн, дэд бүтэц сүүлийн 30-аад жил сайжирсан ч нийт газар нутгийн хэмжээ, хүн амын нягтаршил бага зэргийг тооцвол хангалтгүй хэвээр байна. Дээрх ололтын дийлэнх нь нийгмийн халамжийн өгөөмөр тогтолцоо, уул уурхайн орлого, гадаад эх үүсвэрээс санхүүжсэн улсын их хэмжээний хөрөнгө оруулалтаас шалтгаалсныг тайланд дурдсан байна.

“Монгол Улс уул уурхайгаас олсон орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа нь хойч үедээ өр авлүүлэхээр байна. Уул уурхайн баялгийн өгөөжийг төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгохын оронд Монгол Улс баялгаасаа улам хараат болж байна. Чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчээ дутуу ашиглаж, институцийн чанар доройтсоор байгаа”-г Дэлхийн банканд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлжээ.

Тогтвортой, төрөлжсөн эдийн засгийн суурийг бий болгохын тулд олсноороо хэрэглэх бус, орлогоо жигд хуваарилан, мөчлөг сөрсөн төсөв мөнгөний бодлого хэрэгжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, бүтээмж өндөртэй аж ахуйн нэгж, компанид хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээ бүрэн дүүрэн ашиглах, эдийн засагт улс төрийн нөлөөг багасгах, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд засаглалын шинэчлэлүүдийг хурдасгах хэрэгтэйг мөн зөвлөсөн байна. 

Связанные новости