Ираны Гадаад хэргийн сайд Европын Холбооны Дээд төлөөлөгчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-17 11:02:30

ВЕНА. /IRNA/. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Австрийн нийслэлийн "Coburg" зочид буудалд Европын Холбооны /ЕХ/ Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч Федерика Могеринитэй уулзаж, бүс нутаг болон олон улсын байдлын асуудлуудыг хэлэлцсэн байна.

Тэд Ираны цөмийн гэрээний /Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө/ хэрэгжилт болон Сирийн хямралын талаар ярилцжээ.

Мохаммад Жавад Зариф Ираны төлөөлөгчдийг тэргүүлэн Сирийн асуудлаарх Венын хэлэлцээнд оролцохоор даваа гарагт Австри улсад хүрэлцэн ирсэн байна.

Ираны төлөөлөгчид Австрид байх хугацаандаа Европ болон АНУ-ын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж, "Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө"г хэрэгжүүлэхэд тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгах талаар ярилцах юм.

Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн гишүүн 17 орны төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр Вена хотод эхлэх гэж байна. Уулзалтад ЕХ, Арабын холбооны орнууд болон Турк, Иран, БНХАУ зэрэг орнууд оролцож байгаа бөгөөд АНУ, ОХУ хоёр хуралдааныг хамтран даргалах юм.

Д.Нямтулга

 

 

 

 

Связанные новости