Арилжаанд онлайнаар оролцогчдын тоо өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-10 14:31:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлд, хувьцааны арилжаанд онлайнаар оролцогчдын тоо 49.2 хувь болж нэмэгджээ. Өнгөрсөн онд дээрх тоо 32.5 хувь байв. 

Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн Миллениум Ай Ти цогц систем 2012 онд нэвтэрсэн. Ингэснээр харилцагчид онлайнаар арилжаанд орох, арилжааны хяналтыг бодит цагийн горимоор хийх, арилжаа болон захиалгын олон шинэ төрлийг зах зээлд нэвтрүүлэх боломжууд бүрджээ. 

Энэ оны 3 дугаар сарын байдлаар онлайнаар хөрөнгө оруулах сонирхолтой арилжаанд оролцогчдын 49.2 хувь нь Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны 8 компаниар зуучлуулан онлайнаар арилжаанд оролцож байна. 

2013 оноос өмнө хөрөнгө оруулагчид арилжаанд оролцохдоо харилцдаг үнэт цаасны компани буюу брокерт телефон утсаар эсвэл биеэр очин захиалга өгдөг байсан юм.


Тэгвэл одоо  Миллениум Ай Ти систем нэвтэрснээр хөрөнгө оруулагчид гар утас, компьютер, таблет гэх мэт дурын цахим төхөөрөмж ашиглан арилжаанд шууд орж эхэлжээ. 

Ингэснээр хөрөнгө оруулагчид, иргэд арилжаанд оролцоход хугацаа алдахгүй, хоцрохгүй, түүнээс гадна зардал буурах, хугацаа хэмнэх зэргээр зах зээлийн үр ашиг сайжирч байна. Цаашид дээрх системийн бусад функцийг ашиглалтад оруулж, хөрөнгө оруулагчдын өгөөжийг нэмэгдүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулахаар ажиллаж байна гэж Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж хэлэв.



Связанные новости