Абэ Шинзо Ойрхи Дорнодод төлөвлөснийхөө дагуу айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-10 09:29:45

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ойрхи Дорнодын гурван оронд хийх айлчлалаа төлөвлөснийхөө дагуу хийхээр болсан талаар Японы Гадаад хэргийн яамны /ГХЯ/ төлөөлөгч мэдээлжээ.


Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Оманд хийх Абэ Шинзогийн айлчлал бямба гарагт эхэлнэ. “Бүс нутгийн нөхцөл байдлын улмаас гэнэтийн өөрчлөлт гарсан хэдий ч Ерөнхий сайд Ойрхи Дорнодод урьд нь төлөвлөсний дагуу айлчлахаар болсон” гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдээлсэн байна.


АНУ-ын агаарын цохилтын улмаас Ираны генерал амиа алдаж, Ирак дахь Америкийн цэргүүдийн байрлаж буй цэргийн баазуудад Иран пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Абэ Шинзогийн айлчлалыг хойшлуулах хэрэгтэй гэж Японы Засгийн газрын зарим төлөөлөгч өмнө нь мэдээлсэн юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай сөргөлдөхөөс зайлсхийсэн байр суурийг баримталж, Иран ч мөн ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэнтэй холбогдуулан Абэ Шинзо айлчлалаа төлөвлөсний дагуу хийхээр болсон хэмээн үзэж байна.


Японы Ерөнхий сайд Ойрхи Дорнодын гурван оронд хийх айлчлалынхаа үеэр тус улсын удирдагчидтай уулзаж, бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад хувь нэмрээ оруулахын тулд дипломат хүчин чармайлт гаргах Японы байр суурийг илэрхийлэх төлөвтэй байна. Мөн тэрбээр Өөрийгөө хамгаалах хүчний хөлөг онгоц, нисэх онгоцыг Ойрхи Дорнод руу илгээх Засгийн газрын төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Связанные новости