Г.Занданшатар: Банкууд засаглалаа сайжруулж, эрсдэлийн чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-18 15:56:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын банкны салбарын өмнө засаглалаа сайжруулах, эрсдэл даах чадвараа нэмэгдүүлж өндөр хэмжээнд байлгах зорилт тулгарч байна.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр “Блью Скай” зочид буудалд болсон “Банкны салбарын шинэчлэл” онол практикийн бага хурлийн нээлтэд оролцохдоо онцоллоо.

Тэрээр цааш хэлэхдээ, банкны салбарт олон нийтийн оролцоог хангах нь чухал байгаа бөгөөд үүний тулд юуны өмнө иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зэрэг олон зорилт банк, санхүүгийн салбарт тавигдаж байна. Зорилтуудын хүрээнд 3 зүйл анхаарах хэрэгтэй байгааг хэлье. Нэгд, банкууд засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна.

Үүний тулд банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, шинэ хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, бодит чанарыг сайжруулах үндэс бүхий алхам болно. Ийм зөв зохистой харьцааг бий болгож дотоод хяналтыг сайжруулж хөрөнгийн зах зээлийн хөгжилд олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох нь олон эерэг зүйлийг авчирна гэв.


Тиймээс Төв банк, арилжааны банкууд дээрх чиглэлүүдээр тодорхой стратеги төлөвлөгөө гарган, үе шаттай хэрэгжүүлэх талаар санаалчилгатай ажиллах хэрэгтэй байна. Нийтээр банкинд итгэх итгэл, оролцоо, хяналтыг нэмэгдүүлье гэдгийг онцлов.

Хоёрт, эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд өндөр түвшиндээ буюу 5-6 хувьд байх төлөвтэй. Гэхдээ эдийн засгийн бүтэц өрөөсгөл, уул уурхайн салбараас хэт хамааралтай тул эдийн засагт хэлбэлзэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс арлжааны банкууд эрсдэл даах чадвараа өндөр хэмжээнд байлгах шаардлагатай гэв.

Тэрээр эдийн засаг, зээлийн харьцаа шууд хамааралтай байгааг хэлэхдээ, өнгөрсөн онд эдийн засаг 7.3 хувиар өсөхөд зээлийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн байсан. Энэ жил зээлийн хэмжээ 15 хувиар нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт эхний хагас жилд мөн л дээрх хувьтай байгаа байдлыг дурдаж, эдийн засаг сайн л байх юм бол зээл чанартай, илүү үр дүнтэй байх нь ойлгомжтой гэдгийг онцоллоо.


Монголбанкны шинээр томилогдсон ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкны салбарын шинэчлэл” онол практикийн бага хурлыг үргэлжлүүлж хэлэхдээ, банк, санхүүгийн салбарын шинэчлэл зайлшгүйг дурдаж, энэ нь юуны түрүүнд эрхзүйн шинэтгэлээс эхэлнэ. УИХ-ын даргын дурдсан банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын буюу Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулах ажлыг хийхээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах Үндсэн чиглэлд тусгаад буйг хэллээ.


Төв банк зөвхөн ирэх онд хэрэгжүүлэх Үндсэн чиглэлээр зогсохгүй, дунд хугацаанд буюу он дамжин хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаа “Банкны салбарыг хөгжүүлж, чадавхжуулах хөтөлбөр” болгон боловсруулж батлуулаад байгааг Монголбанкын ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдрийн хурал дээр мэдээллээ.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости