Германд хадгаламжийн хүү 0 байхад ч мөнгөө хадгалуулдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хэмнэе, хуримтлуулъя” уриатай Дэлхийн хуримтлалын өдрийг манай улс долоо дахь жилдээ тэмдэглэлээ. Хүүхэд залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгээ төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургах зорилготой энэхүү өдрийг Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран зохион байгуулж арилжааны 13 банк дэмжин оролцлоо.
ХБНГУ-аас гаралтай Дэлхийн хуримтлалын өдрийг анх Дэлхийн хоёрдугаар дайны эдийн засгийн хор уршгийг арилгах зорилготой санаачилж байсан бол өдгөө дэлхийн 140 гаруй улс орон ач холбогдол өгч тэмдэглэдэг болжээ.
Манай улсын арилжааны банкуудын хадгаламжийн жилийн хүү хугацаанаас хамаараад 8-11 хувь байдаг. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар, төгрөгийн хадгаламж 10 их наяд, валютын хадгаламж 3 их наяд төгрөг байна гэсэн статистик тоо байгаа юм.
ХБНГУ-ын Остпригнитц-Руппины Шпаркассэ банкны төлөөлөгч Аня Блүмэнштайн: “Герман иргэдийн 90 гаруй хувь нь тодорхой хэмжээний хадгаламжтай байдаг бөгөөд хадгаламжийн дансны тоо харилцах дансны тооноос их байна. Энэ нь магадгүй герман хүмүүс найдвартай, аюулгүй байдлыг чухалчилдагтай холбоотой байх. Германд хадгаламжийн хүү 0 байдаг. Мөнгөө хадгалуулаад хүү авахгүй ч гэсэн хэрэгцээтэй үедээ нөөцөөсөө хэрэглэдэг. Хөгшчүүд мөнгөө банканд түлхүү хадгалуулдаг бол манай залуучууд хадгаламжийн нэг өөр хэлбэр болох хөрөнгө оруулалтыг ихээхэн сонирхох болсон. Хуримтлал хадгаламжийн ач холбогдлыг аль болох багаас нь хүүхдүүдэд ойлгуулж, санхүүгийн боловсролтой болгох нь тэдний ирээдүйг баталгаатай болгож байгаа хэрэг” гэв.
Өдөрлөгийн үеэр арилжааны банкуудаас онцгой нөхцөлт урамшуулал бүхий хадгаламжийн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Дэлхийн хуримтлалын өдрийг энэ сарын 6-нд Дархан-Уул аймагт, 8-нд Орхон аймагт тус тус тэмдэглэх аж.