Д.Трамп электрон тамхины худалдааг хориглохоор төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /The
Guardian/. АНУ-д электрон тамхины
хэрэглээнээс үүдэлтэй нас баралтын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор амт
оруулсан электрон тамхийг хориглохоор төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч
Дональд Трамп мэдэгджээ.
АНУ-ын Эрүүл
мэндийн сайд Алекс Азарын мэдээлснээр, зах зээлээс электрон тамхийг татах
төлөвлөгөөг Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар /FDA/ эцэслэн шийдвэрлэх ажээ.
Электрон тамхины
хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчлөлийн тохиолдол АНУ-ын 33 муж улсад 450 удаа
бүртгэгдэж, 6 хүн нас барсан байна. Тэдгээр тохиолдлын дийлэнхийг залуучууд
эзэлж байгаа бөгөөд дундаж насыг тооцоолоход 19 байжээ.
Энэ сард Мичиган
муж улсын засаг захиргаа амт оруулсан электрон тамхийг хориглосноор ийм шийдвэр гаргасан АНУ-ын анхны муж улс болсон байна.
Электрон тамхины
хэрэглээнээс үүдэлтэй өвчний улмаас нас барсан анхны тохиолдол өнгөрсөн
наймдугаар сард Иллинойс муж улсад бүртгэгдэж, түүнээс хойш Орегон, Миннесота,
Индиана, Калифорни муж улсад тус тус нэг хүн нас барсан байна. Хамгийн сүүлийн
тохиолдол мягмар гарагт Канзас муж улсад бүртгэгджээ.