“Givenchy” болон “Coach” компани Хятадаас уучлалт гуйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-13 13:52:00

НЬЮ-ЙОРК. /BuzzFeed/. Хятадын Засаг захиргааны онцгой бүсүүдийг тусдаа улс хэмээн тэмдэглэсэн бичигтэй цамцнуудаа худалдаанд гаргасандаа хүлцэл өчсөн Италийн “Versace” компанийн араас Францын “Givenchy” загварын ордон, Америкийн “Coach” брэнд хувцас, гоёл чимэглэлийн компани мөн уучлалт гуйжээ.


Италийн хувцас загварын “Versace” компани Хятадын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаог тусдаа улс хэмээн тэмдэглэсэн бичигтэй шинэ загварын богино ханцуйтай цамц болон урт ханцуйтай цамцнуудаа худалдаанд гаргасныхаа дараа хүлцэл өчсөн юм. Хятадын олон нийтийн сүлжээнд тус цамцны зургийг байршуулсан нь олны зүгээс шүүмжлэл дагуулаад байсан юм.


Үүний дараа Хятадын нийгмийн сүлжээний хэрэглэгчид мөн Coach болон Givenchy компанийн богино ханцуйтай цамцнуудын зургийг олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Эдгээр компани Хонконг болон Тайванийн арлыг мөн тусдаа улс хэмээн тодорхойлсон байсныг хэрэглэгчид анзаарчээ. Coach компанийн хувьд ийм бичигтэй цамцаа өнгөрсөн жил гаргаж байсан аж.


Хоёр компани ийм үйлдэл гаргасандаа уучлалт гуйх болж, алдаагаа хүлээн зөвшөөрч, зах зээлээс бараа бүтээгдэхүүнээ эргүүлэн татна гэдгээ амласан байна. 

Связанные новости