Папуа Шинэ Гвиней өрийг нь дахин санхүүжүүлэхийг Хятадаас хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СИДНЕЙ.
/Businesstimes/. Папуа Шинэ Гвинейн шинэ удирдагч Засгийн
газрын 27 тэрбум кина буюу 10.7 тэрбум ам.долларын өрийг нь дахин санхүүжүүлж,
Номхон далайн арлын орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг Хятадаас
хүсжээ.
Хятад улсаас Папуа Шинэ
Гвинейд суугаа Элчин сайд Шу
Бингтэй уулзах үеэрээ ийм хүсэлт тавьсан гэдгээ Папуа Шинэ Гвинейн
Ерөнхий сайд Жэймс Марапе мэдэгдсэн байна.
Байгалийн хий, түүхий
газрын тос, алт, зэс болон бусад бүтээгдэхүүнээр баялаг Папуа Шинэ Гвиней улс
сүүлийн жилүүдэд төсвийн томоохон алдагдалд ороод байгаа юм. Хятад улсаас санал
болгосон 300 сая ам.долларын зээл олголт хойшилсонтой холбоотойгоор бэлэн мөнгөний хомсдолд орж байгааг Засгийн газар санхүүгийн тайландаа дурдсан байна.
Хагас жилийн төсвийн тайланд дурдсанаар, Папуа Шинэ Гвиней улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 30
гаруй хувьд хүрээд байгаа ажээ.
Хятад улс Энэтхэг-Номхон
далайн бүс нутаг дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх зорилгоор эдийн засгийн
дээрэм хийж байна хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн ням
гарагт мэдэгджээ.
Харин "Ройтерс" агентлагийн мэдээнд, Хятад улс Номхон далайн бүс нутагт хамгийн том санхүүжүүлэгч болох зорилгоор далайн боомт, нисэх онгоцны буудал, спортын ордон зэрэг олон газарт хөрөнгө оруулалт хийж, сүүлийн 10 жилийн хугацаанд хөнгөлөлттэй зээлийн системээ нэмэгдүүлсэн гэж дурдсан байна.