Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /TASS/. Одоогоос 74 жилийн өмнө Америкийн атомын бөмбөгдөлтийн уршгаар амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа өнөөдөр Японы Хирошима хотын төв дэх Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд 08:00 цагт эхэлжээ.
Япончууд уламжлал ёсоор 1945 оны наймдугаар сарын энэ өдөр Хирошима хот дээр атомын бөмбөг хаясан мөч буюу 08 цаг 15 минутад нэг минут дуугаа хураан амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. “Бид атомын бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улсын хувиар ийм эмгэнэлт явдал дахин гаргуулахгүйн тулд бүхнийг хийх ёстой” гэж Хирошима хотын дарга Казуми Мацуи үг хэлэхдээ онцлон тэмдэглэсэн байна.
Тэрбээр мөн 2017 онд баталсан, цөмийн зэвсгийг хориглох тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлахыг Японы Засгийн газарт уриаллаа.
Хирошима хотын захиргаанаас мэдээлснээр, атомын бөмбөгдөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд энэ жил цөмийн гүрнүүд болох ОХУ, Их Британи, Франц зэрэг дэлхийн 95 улсын болон Европын Холбооны төлөөлөгчид оролцоно. БНХАУ болон Энэтхэгийн төлөөлөгчид энэ жилийн дурсгалын арга хэмжээнд оролцохгүй бол Мальта улс төлөөлөгчдөө анх удаа илгээжээ. Нийтдээ 157 улс урилга хүлээн авсан байна.
1945 оны наймдугаар сарын 6-нд америкчууд Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний уршгаар тус хотын 70-100 мянган иргэн амиа алджээ. 1945 оны эцэс гэхэд амиа алдсан хүний тоо 140 мянга болж нэмэгдсэн байна. Хүмүүс эмнэлэгт бөмбөгдөлтийн үеэр авсан шарх, цацрагийн өвчний улмаас нас барж байв.
"Хибакуша" нараас нэг нь нас барахад жил бүр энэ гунигт жагсаалт нэмэгддэг байна. Америкийн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг Японд ингэж нэрлэдэг ажээ.