Анимейшн студид гарсан галын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /BBC/. Японы баруун нутгийн Киото хотод байрладаг анимейшн студид гал түймэр гарсны улмаас наад зах нь 33 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтсэн талаар хотын цагдаагийн газраас мэдээлжээ.
Японы хэвлэлүүд цагдаагийн газрын мэдээлснийг иш татан уламжилснаар, гал гарахаас өмнө шатахуун цацсан байж болзошгүй 41 настай сэжигтнийг баривчилсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн байна.
Зарим хүн одоо болтол сураггүй хэвээр байна гэж “NHK” суваг мэдээлжээ. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо осол үгээр хэлэхийн аргагүй аймшигтай байсныг дурдаад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.
“K-On”, “The Melancholy of Haruhi Suzumiya” зэрэг телевизийн цуврал анимейшнээрээ алдартай “Kyoto Animation” компани нь Киото болон Үжи хотод студитэй бөгөөд 1981 онд байгуулагджээ.