АНУ Ойрхи Дорнодод нэмж цэрэг илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ Ойрхи Дорнодод нэмээд 1000 цэрэг илгээхээр болсон тухай тус улсын Батлан хамгаалах сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанаханы мэдэгдэлд дурджээ. Түүний мэдэгдлийг Пентагоны хэвлэлийн алба нийтэлсэн байна.
Цэрэг нэмж илгээх шийдвэр нь Иран улстай сөргөлдөхөд чиглэгдээгүй бөгөөд АНУ болон тус улсын холбоотнуудын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах зорилготой гэдгийг Шанахан онцлон тэмдэглэжээ.
“Бидний өмнө нь олж авсан мэдээллүүд Ираны сүүлийн халдлагууд нь тус улсын цэргүүд болон тэдний итгэлийг хүлээсэн хүмүүс бүс нутгийн хэмжээнд АНУ-ын ашиг сонирхолд аюул учруулж байна гэдгийг нотолж байна” гэж Шанаханы мэдэгдэлд дурдсан байна.
Оманы буланд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц халдлагад өртсөн тухай Иран болон Арабын хэвлэлүүд урьд нь мэдээлсэн билээ. Зарим мэдээллээр, нефть тээвэрлэгчид рүү торпедоор харвасны улмаас дэлбэрч, гал гарсан байна. Гэвч үүнийг албан ёсоор нотлох баримт байхгүй байгаа юм. Нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудын багийн бүх гишүүнийг Ираны нутаг дэвсгэр рүү нүүлгэн шилжүүлсэн билээ.
Дээрх хэрэгт АНУ Ираныг тодорхой нотлох баримтгүйгээр буруутгасан бол Ираныг үндэслэлгүйгээр буруутгаж байна гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.