Афганистанд АНУ-ын сөнөөгч онгоц сүйрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАБУЛ. /Xinhua/. Афганистанд АНУ-ын хүчний сөнөөгч онгоц Баграм агаарын цэргийн баазын ойролцоо сүйрсэн байна. Нисгэгчийг эвслийн хүчнийхэн аварчээ.
Агаарын экспедицийн 455 дугаар жигүүрийн “F-16” сөнөөгч онгоц өчигдөр хөөрөх үедээ осолдож, Афганистаны Баграм агаарын цэргийн баазын ойролцоо сүйрсэн гэж Афганистан дахь АНУ-ын хүчин мэдэгдэв.
Баграм нь Афганистаны нийслэл Кабул хотоос хойш 50 км зайтай оршдог бөгөөд тус улс дахь АНУ-ын цэргийн гол бааз юм. Тус баазыг америкчууд 14 жил ашиглаж байна.
Осолдох үед онгоцноосоо шидэгдсэн нисгэгчийг эвслийн хүчнийхэн аварч, Баграм дахь эмнэлэгт хүргэсэн тухай мэдэгдэлд дурджээ.
Сөнөөгч онгоц руу гал нээж, сөнөөснөө “Талибан” бүлэглэлийн босогчид мэдэгдсэн байна. Гэвч АНУ-ын хүчний мэдэгдэлд, дайсны галд өртөж сөнөөгч онгоц сүйрээгүй, албаны хүмүүс сүйрлийн шалтгааныг тодруулна гэжээ.
Д.Нямтулга