Абэ, Трамп нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-11 13:57:06

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Иран улсад айлчлахаас нэг хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.


“Хоёр орны удирдагчид утсаар ярих үеэрээ бүс нутгийн асуудлуудаар, ялангуяа Иран дахь нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон” гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Ё.Сүга Япон-АНУ-ын удирдагчдын 20 минутын ярианы талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.


Иран улсад лхагва гарагаас баасан гарагт айлчлахаар төлөвлөж байгаа А.Шинзо сүүлийн 40 жилийн хугацаанд тус улсад айлчилж буй Японы анхны удирдагч болох юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани, шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи нартай уулзана. Техраны цөмийн хөтөлбөрийн улмаас АНУ, Ираны хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй үед энэхүү айлчлал болж байна. 

Связанные новости