Гэмт хэргийн шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-06 16:07:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа.


Хуулийн төслийг ажлын багийн ахлагч Ц.Гарамжав танилцуулав. Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хүрээг нарийвчлан уялдуулж, хууль хоорондын хийдэл, зөрчлийг арилгаж ажиллалаа. Үүнд, Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль, хүүхэд хамгаалалттай холбоотой нийтдээ 20 гаруй хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийхээр тодотгосон гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулгадаа онцолсон.


Хуулийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь дэмжсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд сайн дурын ажилтнууд, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, санхүүгээр дэмжих асуудлыг шийдвэрлэхийг анхааруулж байв.

Связанные новости