Леонид Кучма холбоо тогтоох бүлэгт Украиныг дахин төлөөлөхөөр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-04 10:35:44

КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Донбассын байдлыг зохицуулах зорилго бүхий холбоо тогтоох бүлэгт тус улсыг төлөөлөн хэлэлцээ хийх төлөөлөгчөөр Леонид Кучмаг томилжээ.


“Зургадугаар сарын 5-нд холбоо тогтоох бүлгийн ээлжит уулзалт Минскт болно. Уг уулзалтад Украины талаас Леонид Данилович Кучма тэргүүтэй төлөөлөгчид оролцоно” гэж Зеленский Киев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Тэрбээр Донбассын байдлыг зохицуулах асуудлаар гадаадын түншүүдтэйгээ уулзсан гэдгийг мөн мэдээлжээ. “Би АНУ болон Европын Холбооны түншүүдтэйгээ уулзлаа. Бид гал зогсоох асуудлыг хэлэлцсэн. Нормандын хэлбэрээр хэлэлцээ хийх болон Минскийн үйл явцыг дахин эхлүүлэх талаар бид нэгдмэл байр суурьтай байгаа” гэж Украины Ерөнхийлөгч хэлсэн байна. “Бидэнд Донбассын асуудлыг зохицуулах үнэхээр тодорхой санал, шинэ шийдэл байгаа, гэхдээ Украины газар нутаг, тусгаар тогтнолыг хэн ч худалдахгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Украины хоёр дахь Ерөнхийлөгч Леонид Кучма холбоо тогтоох бүлгийг байгуулахад анх оролцсон хүмүүсийн нэг юм. Тэрбээр 2014 оны зургадугаар сарын 23-нд Донецкт болсон тус бүлгийн анхны бөгөөд хагас албан ёсны уулзалтад оролцож байв.


Кучма 2018 оны намар холбоо тогтоох бүлгийг орхихоор шийдсэнээ мэдэгдсэн юм. Кучмагийн дараа Украины төлөөлөгчдийг тус улсын Ерөнхий сайд асан, Батлан хамгаалахын сайд асан Евгений Марчук өнөөдрийг хүртэл тэргүүлж байжээ.


Связанные новости