Сирийн цэргийн нисэх онгоцны буудал пуужингийн цохилтод өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК. /SANA/. Сирийн зүүн нутгийн Хомс мужид оршдог Т-4 цэргийн нисэх онгоцны буудал даваа гарагт Израилын талаас өгсөн пуужингийн цохилтод өртсөн байна. Энэ тухай Сирийн Зэвсэгт хүчний командлал дахь эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолбор пуужингийн дайралтыг няцаах үед хоёр пуужинг амдан сөнөөж чадсан байна. Бусад пуужин байдаа тусаж, нэг цэрэг амиа алдаж, хоёр цэрэг шархаджээ. Пуужингийн цохилтод зэвсгийн агуулах, хоёр барилга болон цэргийн нэг техник өртсөн байна.
Израил улс зургадугаар сарын 2-нд мөн Дамаск болон Эль-Кунейтра хот руу пуужингууд харвасан бөгөөд Сирийн цэргүүд хоёрыг нь амдан сөнөөсөн байна. Пуужингийн дайралтын үеэр гурван цэрэг амиа алдаж, долоон хүн шархаджээ.
Сирийн нутаг дэвсгэрт цохилт өгсөн гэдгээ Израилын батлан хамгаалах арми нотолжээ. Гэхдээ Сирийн талаас хийсэн дайралтын хариуд цохилт өгсөн гэдгийг онцлон дурдсан байна. Израилын армийн хэвлэлийн албанаас мэдээлснээр бол бямба гарагт Сирийн талаас Хермон уул руу хоёр пуужин харважээ. Үүний хариуд Израилын сөнөөгч онгоцууд болон цэргийн нисдэг тэргүүд их бууны хоёр суман, харуулын хэд хэдэн цэг рүү, мөн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолбор руу довтолсон байна.