Помпео: Ирантай урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийх хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-Ираны хурцадмал байдлыг намжаахын тулд Ираны
эрх баригчидтай урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийх хүсэлтэй байна гэж
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн ням гарагт Швейцарт
болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Бид урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхэд
бэлтгэгдсэн. Бид тэдэнтэй хэлэлцээний ширээнд суухад бэлэн байна” хэмээн М.Помпео
хэлжээ. Гэсэн хэдий ч Иранд шахалт үзүүлэх бодлогоо үргэлжлүүлэх болно гэж
тэрбээр нэмж хэлсэн байна.
Ираны Гадаад
хэргийн сайд Мухаммед Жавад Зариф “ABC News” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Вашингтоны засаг
захиргаатай хэлэлцээ хийх магадлал бага” хэмээн хэлсэн юм. Энэ талаар М.Помпео
хэлэхдээ, АНУ-тай хэлэлцээ хийхийн өмнө сайтар тунгаах бодох хэрэгтэй гэжээ. Мөн ураны баяжуулалтаа
зогсоохыг Төрийн нарийн бичгийн дарга Ираны эрх баригчдад уриалсан байна.
Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Дональд
Трамп 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээнээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг дахин
хориг арга хэмжээ авсан нь тус улсын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Үүний
зэрэгцээ Ираны аюул заналыг бууруулах зорилгоор АНУ нисэх
онгоц тээгч хөлөг онгоцнууд болон бөмбөгдөгч онгоцнуудаа Ойрхи Дорнод руу
илгээсэн билээ.