Францын Ерөнхийлөгчийн нэр хүнд унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /AFP/. Европын парламентын сонгуулийн дараа Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны нэр хүндийн үзүүлэлт хоёр хувиар буурсныг “Odoxa” төвөөс явуулсан санал асуулгын дүнг харуулжээ.
Тус төвийн мэдээллээс үзвэл, санал асуулгад оролцогчдын ердөө 30 хувь нь Э.Макроныг “сайн Ерөнхийлөгч” гэж үзэж байгаа бол 70 хувь нь түүний явуулж бүй үйл ажиллагааг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн нь өнгөрсөн сарынхаас гурван хувиар өссөн үзүүлэлт юм.
Э.Макроны үүсгэн байгуулсан “Урагшаа, Бүгд найрамдах улс!” нам Францад болсон Европын парламентын сонгуульд сонгогчдын 22.41 хувийн саналыг авч хоёрдугаарт оржээ. Харин Марин Ле Пений “Үндэсний нэгдэл” нам ялсан байна.
Тавдугаар сарын 27-нд онлайнаар явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 980 хүн оролцжээ.