Сэргээгдэх эрчим хүч худалдаж авах тарифын дээд хязгаар 8-12 ам.цент байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Дамба-Очир нарын зургаан гишүүн өнгөрсөн
оны аравдугаар сард өргөн барьсан юм. Хуулийн төсөлд дамжуулах сүлжээнд
холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан
эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины
эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд
хязгаарыг 8 ам.цент хүртэл байхаар тусгажээ. Мөн хуулийн төсөлд сэргээгдэх
эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд техникийн асуудлыг анхаарч үзэх,
үнээр өрсөлдүүлэх буюу тендер зарлах зохицуулалтыг оруулсан байна. Түүнчлэн
хуулийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхтай байх ёстой гэсэн
заалтыг оруулжээ. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын
сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж
байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай
гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцүүлгийн үеэр, УИХ-ын гишүүд болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх
ажлын багаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураасан юм.
Тодруулбал, хуулийн төслийн I зүйлийн 6 дахь хэсэгт сэргээгдэх эрчим хүчний
техник технологи, нэгдсэн сүлжээнд худалдах үнийн саналаар өрсөлдөхүйц байх, ил
тод, шударга, өрсөлдөх тэгш боломжтой байх заалт нэмж тусгахыг гишүүдийн олонх дэмжлээ.
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын
хороонд шилжүүлэв.
Связанные новости

