“5G” сүлжээ ашигладаг жолоочгүй автомашиныг Сөүлд танилцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга тав дахь үеийн сүлжээ /5G/ ашигладаг жолоочгүй автомашин танилцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Өмнөд Солонгосын нийслэл хотын захиргаанаас мэдээлснээр, туршилтын анхны загвар Сөүл хотын гудамжинд энэ зун явах аж.
Сөүл хотын эрх баригчид зургадугаар сарын 22-нд “Жолоочгүй автомашинуудын наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг наадмын үеэр 5G сүлжээний тусламжтайгаар замын дэд бүтцийн талаарх мэдээллийг солилцох боломжтой автомат тээврийн хэрэгслүүдийг Дэд бүтэц, тээврийн яамтай хамтран танилцуулна.
Туршилтын талбайд нийтдээ жолоочгүй долоон машин танилцуулах бөгөөд дөрөв нь хотын автобус, гурав нь суудлын автомашин байх аж. Уг тээврийн хэрэгслүүдээр хүссэн хүн бүр зорчих боломжтой байна.
Танилцуулах үйл ажиллагаанд мөн харилцаа холбооны “SK Telecom” болон “KT” компани, “Samsung Electronics” корпорац, мөн Өмнөд Солонгосын тэргүүлэх их сургуулиудын оюутнууд, багш нар оролцоно.