Израилаас Япон руу шууд нислэг үйлдэж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЙЕРУСАЛИМ. /Times of Israel/. Израилын үндэсний агаарын
тээврийн “El Al” компани 2020 оны гуравдугаар сараас эхлэн Японы нийслэл Токио хот руу
шууд нислэг үйлдэхээр болжээ.
“Boeing” компанийн “787 Dreamliner” загварын нисэх онгоцоор долоо хоногт
гурван удаа шууд нислэг үйлдэнэ гэж “El Al” компаниас лхагва гарагт мэдээлсэн байна. Израил-Япон чиглэлийн нислэг 11 цаг, 15 минут үргэлжлэх бол эсрэг чиглэлийн нислэг
12.5 цаг үргэлжлэх ажээ.
Ингэснээр хоёр
орны жуулчид болон бизнес эрхлэгчдийн нисэх онгоцонд өнгөрүүлэх хугацаа багасах
юм. Одоогийн байдлаар, Йерусалимаас Токио хүрэхэд 16-24 цаг зарцуулдаг байна.
Өнгөрсөн онд
Израилын 40 мянган иргэн Японоор аялсан бол үүний тэн хагастай тэнцэх тооны
жуулчин Японоос Израилыг зорьжээ. Шууд нислэгийн тийзийн үнийн талаар “El
Al” компанийн мэдэгдэлд дурдаагүй
байжээ.
“El Al” компани саяхан Сан-Франциско, Ницца,
Манчестер хот руу нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд цаашид АНУ-ын Лас-Вегас,
Орландо, Чикаго хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.