БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсгүүд НҮБ-ын тогтоолыг зөрчиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөр
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байна гэж АНУ-ын Төрийн
департаментаас мягмар гарагт мэдэгджээ.
“БНАСАУ-ын
хөтөлбөр бүхэлдээ НҮБ-ын тогтоолуудтай зөрчилдөж байна. Гэсэн хэдий ч уг
хөтөлбөрийг энх тайвнаар дуусгавар болгох чиглэлд АНУ гол анхаарлаа хандуулан
ажиллаж байна” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус
хэлсэн байна.
БНАСАУ-ын энэ
сард явуулсан туршилтууд НҮБ-ын тогтоолыг зөрчсөн эсэх талаар Үндэсний аюулгүй
байдлын зөвлөх Жон Болтоноос өнгөрсөн бямба гарагт асуухад тэрбээр уг
туршилтуудын үеэр ойрын тусгалт баллистик пуужин туршсан тул НҮБ-ын тогтоолыг
зөрчсөн гэжээ.
Харин АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп Японд айлчлах үеэрээ мэдэгдэхдээ Ж.Болтоны үзэл
бодолтой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, БНАСАУ-ын удирдагч
Ким Жөн “анхаарал татахыг” хүссэн байж магадгүй хэмээн хэлжээ. Түүнчлэн БНАСАУ
цөмийн зэвсэг, баллистик пуужингийн нэг ч туршилт явуулаагүй гэдгийг Д.Трамп онцлоод,
тус улсын цөмийн хөтөлбөрийг эцэс болгох хэлэлцээг байгуулах өдөр ирнэ хэмээн
хэлсэн байна.
АНУ БНАСАУ-ын
талтай цөмийн зэвсгээс ангижруулах талаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй
байгааг М.Ортагус мягмар гарагт онцолжээ.