“Boeing 737 MAX” онгоцуудын нислэгийг ирэх сард сэргээж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “Boeing 737 MAХ” загварын нисэх онгоцуудын нислэгийг зургадугаар сарын сүүлээр сэргээх төлөвтэй байгаа тухай “Reuters” агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
“Boeing 737”-г яг хэдний өдрөөс нислэгт дахин ашиглах нь одоогоор тодорхойгүй байна. Иргэний нисэхийн олон улсын байгууллагын /ICAO/ Монреал дахь төв байранд пүрэв гарагт болсон албан бус уулзалтын үеэр АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид дээрх мэдээллийг өгчээ. ICAO ийм уулзалт болсныг нотолсон боловч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Энэ оны гуравдугаар сарын 10-нд агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX 8” нисэх онгоц Этиопт осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан билээ. 2018 оны 10 дугаар сарын 29-нд “Lion Air” компанийн мөн ийм загварын онгоц ижил төстэй нөхцөл байдлаар осолдож, 189 хүн амиа алдсан юм.
Уг хоёр нисэх онгоцны "МСАS" /Maneuvering Characteristics Augmentation System/ буюу “Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах систем”-ийн үйл ажиллагаанд доголдол гарсан гэдгийг “Boeing” корпорацын тэргүүн Деннис Меленберг урьд нь хүлээн зөвшөөрчээ. Дэлхийн олон улс орон аюулгүй байдлыг хангах үүднээс ийм загварын нисэх онгоцуудын нислэгийг түр хугацаагаар хориглоод байгаа юм.