БНАСАУ цэргийн сургуулийн талаар хариу мэдэгдэл хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-14 11:13:23

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын зэвсэгт хүчний хийсэн цэргийн сургуулийн талаар зарим хүчнүүдийн хийсэн мэдэгдэлд тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хариулт өгчээ.


Тавдугаар сарын 4-нд Солонгосын Дорнод тэнгист цохилт өгөх сургууль хийсэн. Алсын зайн тусгалтай зэрэг галлагч пуужингийн систем, алсаас удирддаг тактикийн зэвсгийн бэлэн байдал болон галын шугам, дорнод фронт дахь батлан хамгаалах нэгжийн цэргийн техник, тэдгээрийн байлдааны гүйцэтгэл, даалгавар биелүүлэх чадамжийг шалгах нь энэхүү сургуулийн үндсэн зорилго байсан гэж төлөөлөгч мэдэгдсэн байна.


Галын шугам болон дорнод фронт дахь батлан хамгаалахын нэгжүүд хэзээд ямар ч тушаал өгсөн маш богино хугацаанд бүрэн бэлэн байдалд шилжих, яаралтай хариу арга хэмжээ авах чадвартай гэдгийг энэхүү сургууль дахин батлан харууллаа гэж мэдэгдэлд дурджээ.


"Харин зарим хүчнүүд манай улсын явуулсан ээлжит, өөрийгөө хамгаалах цэргийн сургуулийн талаар таагүй мэдэгдлүүдийг хийж байна. Манай зэвсэгт хүчний саяхан явуулсан сургууль нь цэргийн бэлтгэлийн хүрээнд тогтмол үйлддэг сургуулиудын нэг байсны зэрэгцээ ямар нэг байг онилоогүй, бүс нутгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх эрмэлзэлгүй байсан" гэдгийг мэдэгдэлд онцлон тэмдэглэв.


Мөн тэрбээр, үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх чиглэлд бүх улс орон цэргийн сургууль хийдэг бөгөөд энэ төрлийн сургууль нь байлдааны сургуулиас ихээхэн ялгаатай юм гэж мэдэгджээ.

Связанные новости