Сингапурын парламент хуурамч мэдээлэлтэй тэмцэх хууль баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСИНГАПУР. /TASS/. Сингапурын парламент хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хууль баталлаа. Уг хуулийг баталснаар төрийн байгууллагууд хуурамч гэж байгаа үзэж байгаа мэдээллүүдийг устгахыг интернэт-платформуудаас өөрийн үзэмжээр шаардах эрхтэй болж байгаа юм. Сингапурын парламентын гишүүд уг хуулийн төслийг хоёр хоног хэлэлцсэний эцэст өнгөрсөн шөнө баталсан тухай “The Straits Times” сонин мэдээлжээ.
“Интернэтэд хуурамч мэдээлэл тараахаас хамгаалах тухай хууль нь эрх баригч “Ардын үйл ажиллагааны нам”-ын эрх мэдлийг бэхжүүлэх улс төрийн арга хэрэгсэл биш” гэж Сингапурын Дотоод хэрэг, хууль зүйн сайд К.Шанмугам мэдэгдсэн байна. “Энэ бол Сингапурт байх ёстой нийгмийг байгуулах арга хэрэгсэл юм” гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, “шинэ хууль нь агшин зуур нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй хуурамч мэдээллийг интернэтэд тараахтай тэмцэх хэрэгслээр засгийн газрыг хангаж өгнө”.
Тухайн мэдээллийг устгахыг шаардах эрхийг зөвхөн шүүхийн байгууллагуудад өгөхийг Сингапурын сөрөг хүчнийхэн шаардсан байна. Гэвч "энэ тохиолдолд хэд хоног шаардагдах бөгөөд болзошгүй хохирлыг багасгахын тулд түргэн шуурхай ажиллах хэрэгтэй” К. Шанмугам онцлон тэмдэглэжээ.
Уг хуульд мөн худал мэдээллийг санаатайгаар тараавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна. Хууль зөрчсөн тохиолдолд 10 хүртэл хоног хорьж, 1 сая хүртэл сингапур долларын /738 мянган ам.доллар/ торгууль ногдуулна.