“Залуу малчин” хөтөлбөрийг дэмжих хандивын гүйлтээр 1700 фунт стерлинг цуглуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Британи улсад амьдарч буй монголчуудын “Team Mongolia Runners Club” гүйлтийн клуб, “Тогтвортой ноос, ноолуурын эвсэл" (ТННЭТ) хамтран “Залуу малчин” хөтөлбөрийг дэмжих хандивын гүйлтийг Европын таван улсын арван хотод энэ сарын 5-нд анх удаа зохион байгуулав.
ТННЭ-ийн төслийн менежер Д.Цэрэнбатын санаачилгаар зохион байгуулсан уг гүйлтэд Монгол, Британийн 63 иргэн оролцож, 1700 фунт стерлингийн хандив цуглуулжээ. Тодруулбал, монголчуудаас гадна дурсгалын медалийг урласан “Хикори Дикори Дизайн” урлангийн эзэн Лиза Эбдон, доктор Рос Эбдон, “Well’s Cathedral Bishop Palace”-ийн гүйцэтгэх захирал Роузи Мартин нар оролцсон байна. Хандивын гүйлтийг Британи дахь монголчуудын “Team Mongolia Runners Club” гүйлтийн клубийн гишүүд, “Жи-Студи МН” гэрэл зургийн студи дэмжин ажиллажээ. Мөн уг хандивын гүйлтийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон байна.
ТННЭТ-ээс хэрэгжүүлж буй “Залуу малчин” хөтөлбөр Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарах сүлжээг бий болгох зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд Шотланд дахь ноолууран эдлэлийн “Жонстонс оф Элгин” компанийн санаачилгаар Хэнтий аймгийн Боловсролын хэлтэстэй хамтран байгаль орчин, ан амьтдын онцлог, мал маллагааны арга туршлагыг багтаасан багш, сурагчдын сурах бичгийг боловсруулж, тус аймгийн 7 суманд сонгон суралцах хичээл хэлбэрээр оруулж эхэлсэн байна. Уг хичээлийн хөтөлбөрийг улам бүр боловсронгуй болгож, заавал үзэх хичээл болгон сургалтын хөтөлбөрт оруулах нь ирээдүйн дэлхийн тогтвортой хөгжилд Монголын оруулах хувь нэмрийг өсгөнө хэмээн үзэж буй юм.
Дашрамд дурдахад, “Залуу малчин” хөтөлбөрийг дэмжихэд монголчуудын оруулах хувь нэмрийг өсгөх үүднээс энэ сарын 12-нд 09.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хандивын гүйлт зохион байгуулах юм.