MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Волейболын дээд лигийн журамд өөрчлөлт оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-13 10:43:00

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт эхлэхтэй холбогдуулан зарим дүрэмд өөрчлөлт оруулжээ.


Ирэх сарын 3-нд дээд лиг “Аса арена”-д албан ёсоор нээлтээ хийх бөгөөд оролцох багууд энэ сарын 15-нд урьдчилсан, 20-нд эцсийн мэдүүлгээ өгөх юм. Түүнчлэн клуб хооронд тоглогчдын шилжих хөдөлгөөнийг маргааш хаахаар болов. Шилжих хөдөлгөөнийг хийхдээ ямар нэгэн гэрээний маргаангүй, өмнөх багтай хийсэн гэрээ албан ёсоор дууссаныг нотлох баримттай байхаар тусгалаа. Лигийн тоглогчид FIVB Play Clean program гэрчилгээтэй байхаас гадна тоглолт наймаалцахаас сэргийлэх тухай цахим сургалтад заавал суусан байх ёстой аж. Энэ нь тоглолтын үр дүнг наймаалцахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.


Лигийн хүрээнд хамгийн анхаарал татсан дүрэм нь баг бүр дөрөв хүртэлх гадаад тоглогчтой байж болно гэх заалт. Энэ заалт нь багуудын эсэргүүцэлтэй тулгарсан ч холбооны Удирдах зөвлөл баталжээ. Ингэхдээ эрэгтэй баг талбайд хоёр, эмэгтэй нь гурав хүртэлх гадаад тоглогч гаргаж болно гэж тусгасан байна.



Үүнээс гадна шигшээ тоглолтын цувралын тоог нэмжээ. Өмнө нь хагас шигшээ болон шигшээ тоглолтын цувралд түрүүлж хоёр ялсан нь хождог байсан. Тэгвэл энэ жилээс хагас шигшээ гурав, шигшээд дөрөв хожсон баг ялах юм. Өөрөөр хэлбэл, хагас шигшээд тав, шигшээд долоон тоглолт гарах магадлалтай гэсэн үг. Волейболын дээд лигийн тэмцээн ирэх сарын 3-нд эхэлж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд аварга баг тодорно. 

Связанные новости