Венесуэлд Х.Гуайдог дэмжигчид дахин жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-02 12:14:21

КАРАКАС. /NHK/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардсан олон мянган иргэн лхагва гарагт жагсаал цуглаан өрнүүлсэн байна. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо болон түүнийг дэмжигчид нийслэл Каракас хотын төвөөр жагсжээ.


Мягмар гарагийн өглөө Х.Гуайдо бүх цэргийн албан хаагчийг өөрсөдтэйгээ нэгдэхийг уриалсан дүрс бичлэгийг “Твиттер” хуудсандаа нийтэлсэн юм. Нийслэл хот дахь агаарын цэргийн баазад хийсэн уг дүрс бичлэгт тэрбээр хэд хэдэн цэргийн албан хаагчтай хамт байсны дунд сөрөг хүчний удирдагч асан Леополдо Лопез байжээ.


Х.Гуайдо лхагва гарагт жагсагчдад хандан хэлэхдээ, мягмар гарагт явуулсан ажиллагаа амжилтанд хүрэхэд хангалттай тооны цэргийн албан хаагч түүнтэй нэгдээгүйг хүлээн зөвшөөрчээ. Мөн тэрбээр, Н.Мадурог албан тушаалаасаа огцрох хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Х.Гуайдог дэмжих цэргийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгааг илэрхийлэх шинж тэмдэг одоогийн байдлаар ажиглагдахгүй байгаа аж.  

Связанные новости