Шри Ланкагаас “Лалын улс” бүлэглэлд холбогдолтой эд зүйлсийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-27 10:41:10

КОЛОМБО. /CNN/. Шри Ланкад өнгөрсөн долоо хоногт үйлдсэн цуврал халдлагатай холбогдуулан тус улсын аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын орон даяар явуулж буй нэгжлэгийн үеэр "Лалын улс" бүлэглэлийн туг, тэсрэх төхөөргүүдийг илрүүлсэн байна.


Үүнтэй холбогдуулан Калмунай, Чавалакаде, Самантурай хотод хөл хорионы цагийг сунгаж, өглөөний 8:45 минутаас оройны 16 цаг хүртэл нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Эдгээр хотод явуулсан нэгжлэгийн үеэр тэсрэх төхөөрөг хийх хэрэгслүүдийг илрүүлсэн ажээ.


Цагдаагийн газрын мэдээлснээр, Самантурай хотын нэгэн байшингаас тэсрэх төхөөргүүд болон "Лалын улс" бүлэглэлийн дүрэмт хувцаснууд, 100 мянган үрлэн холхивч, дрон камер олсон байна.


Өнгөрсөн ням гарагт Коломбо хотын сүмүүд, зочид буудлууд болон зүүн нутгийн хотод амиа золиослогч этгээдүүдийн үйлдсэн цуврал халдлагын улмаас 253 хүн амиа алдсан юм.


Уг халдлагад Шри Ланкагийн лалын шашинт хэт даврагч “Үндэсний Тувхет Жамаат” бүлэглэлийг буруутгаж байгаа боловч тэд халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байгаа юм. Харин “Лалын улс” бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн билээ.


"Улс даяар өргөн хүрээг хамарсан нэгжлэг явуулах болно" гэж Шри Ланка улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена баасан гарагт мэдэгдсэн байна. 


Бямба гарагт Аюулаас хамгаалах хүчний удирдлагуудын мэдээлснээр, зүүн нутгийн Баттикалоа хотоос өмнө зүгт 40 километр зайд аюулаас хамгаалах хүчний ажилтнууд болон лалын шашинт босогчдын хооронд баасан гарагт буудалцаан болж, 15 хүн амиа алджээ.


Баттикалоа хотод аюулаас хамгаалах хүчний ажилтнууд хоёр байшинд нэгжлэг хийсэн байна. Гэтэл байшингуудын нэгээс зэвсэглэсэн этгээдүүд гал нээсэн ба буудалцаан олон цагийн турш үргэлжилжээ. Үүнээс гадна томоохон хэмжээний хоёр дэлбэрэлт болсон байна. Амиа алдагсдын дунд 6 хүүхэд байсан тухай эрх баригчид мэдээллээ. 

Связанные новости