Эквадорт 40 гаруй сая кибер халдлага бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-16 13:03:48

КИТО. /TASS/. Эквадорын эрх баригчид “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн орогнох эрхийг цуцлах шийдвэр гаргасны дараа тус улсад 40 гаруй сая кибер халдлага бүртгэгджээ. Энэ тухай Эквадорын Харилцаа холбооны яам мэдээлэв.


“Эквадор улс кибер халдлагад хамгийн олон өртдөг орнуудын жагсаалтад 51 дүгээр байраас дээшилж 31 дүгээрт бичигдих хэмжээний асар олон кибер халдлагад өртлөө” гэж тус яамны дэд сайд Патрисио Реаль мэдэгджээ. Түүний мэдээлснээр, хакеруудын халдлагад Эквадорын Гадаад хэргийн яам, Төв банк, Ерөнхийлөгчийн тамгын газар, Дотоод хэргийн яам, мөн өөр хэд хэдэн байгууллага, их сургуулиуд өртсөн байна.


АНУ болон хэд хэдэн улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллүүдийг олон нийтэд дэлгэдэг “WikiLeaks” цахим хуудсыг Жулиан Ассанж 2006 онд үүсгэн байгуулжээ. Хүчингийн хэргээр шалгагдаж байсан Ассанжийг Швед улсын талд шилжүүлэн өгөхөөс зайлсхийхийн тулд тэрбээр 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнох эрх хүссэн юм. Үүнээс хойш тэрбээр 7 жил тус улсын ЭСЯ-нд нуугдаж байсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Эквадорын ЭСЯ цаашид орогнуулахаас татгалзсаны дараа Ассанжийг баривчилжээ. 

Связанные новости