Далай лам эмнэлгээс гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Далай лам Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын эмнэлгээс баасан гарагийн өглөө гарсан тухай түүний хувийн нарийн бичгийн дарга Тензин Таклха мэдээлэв.
Т.Таклхагийн хэлснээр, Далай лам "хөнгөн ханиад" туссаны улмаас гурван хоног эмнэлэгт хэвтсэн ба түүний биеийн байдал сайжирсан ажээ. Өдгөө 83 настай Төвдийн буддын шашны удирдагч Далай лам энэ долоо хоногийн мягмар гарагт “Max” эмнэлэгт хэвтсэн юм.
Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Далай лам 60 жилийн турш амьдарч буй Дармсала хот руугаа буцахын өмнө Шинэ Дели хотноо хэд хоног саатах аж. Тэрбээр 1959 онд 23 настайдаа Хималайн хилээр дамжин Төвдийн нийслэл Лхас хотод дүрвэж ирсэн билээ.
Далай лам Энэтхэгт "хөөгдмөл Засгийн газар" байгуулж, Төвдийг дахин сэргээх кампанит ажил явуулсаар иржээ. Өөрийгөө буддын шашинт энгийн лам хэмээн нэрлэдэг тэрбээр олон арван жилийн турш дэлхийн дахины сүм хийдүүдээр зочилж, нэр хүндтэй улс төрчид, Холливудын жүжигчидтэй уулзаж, ном айлддаг юм.
Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон статусаараа дамжуулан тэрбээр итгэл үнэмшлийг түгээдгээрээ Махатма Ганди болон Мартин Лютер Кинг нартай эн зэрэгцдэг аж. Харин БНХАУ түүнийг “ламын орхимж өмссөн чоно” хэмээн нэрлэж, улс орныг салан тусгаарлахыг оролдож байна хэмээн буруутгадаг байна.
Хэдийгээр Далай лам өдийг хүртэл алдар хүндтэй илтгэгч хэвээр байгаа боловч БНХАУ-ын илэрхийлж буй байр суурьтай холбоотойгоор гадаадын улс орнууд түүнээс нүүр буруулах болжээ. Тэрбээр 2016 оноос хойш гадаадын орны нэг ч удирдагчтай уулзаагүй байна.
1959 онд орогнох эрх өгсөн Энэтхэг улс хүртэл түүнээс нүүр буруулж, Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар дипломат харилцаанд сэв сууж болзошгүй хэмээн үзсэний улмаас Далай ламтай холбоотой арга хэмжээнд оролцохгүй байхыг төлөөлөгчдөд анхааруулсаар байгаа юм.