Дэлхийн топ худалдааны сүлжээгээр бараа, бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.
Манай үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид Зүүн өмнөд Азийн 30 гаруй оронд бараа,
бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэж байна.
Энэ ажлыг “Сингапурын Азийн Бизнес инженерийн баг” группын Монгол дахь “Эрина солюшнз” ХХК-иар дамжуулан хийж байна. Одоогийн байдлаар “Могол ноос”, “Хатан гэрэгэ”, “Эльма хужирт” зэрэг компани, ЖДҮ эрхлэгч “Ухаалаг үйлс” хоршоо бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн болоод байна. Энэ талаар саяхан болсон Монгол-Сингапурын хамтарсан “Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний жижиглэн худалдаа-хөрөнгө оруулалтын форум” дээр мэдээлсэн юм.
“Эрина солюшнз” ХХК-иас зохион байгуулсан форумд Сингапурт бизнес эрхлэхийг зорьж буй манай дотоодын компани, ААН-үүд оролцлоо. Тэд “Рэдмарт”, "Амизон”, "Али баба” зэрэг дэлхийн топ худалдааны сүлжээ сайтуудаар бараа, бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болж байгаа юм. Энэ талаар форумыг зохион байгуулагч Жаяамаран Говиндаражу, “Монголын бараа, бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай эко тул чанартай. Гагцхүү тэдгээрийг гадаадад гаргаж экспортлоход сав баглаа, боодлыг сайжруулах хэрэгтэй. Брэнд бүтээгдэхүүн болгоход боловсруулалт дутагдаж байна” гэж байв.
Форумд оролцогчдын хувьд, бүтээгдэхүүнээ Сингапураар дамжуулан Зүүн өмнөд Азиас гадна Европ, Америкт гаргахад хөрөнгө оруулалт болон санхүүжилт авах юм. Улмаар олон улсын сүлжээнд нэгдэх, энэ талын шинээр хэрэгжих төслүүдийг ашиглан бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар форумын үеэр мэдээлэл сонсож сургалтанд хамрагдлаа.
Ингээд “Азийн Бизнес инженерийн баг” группын төлөөлөл, BEA-гийн Стратеги, хамтын ажиллагааны хэлтсийн захирал ноён Судабе Рамачандерантай форумын үеэр уулзсан юм.
-Танай компанийн болон өнөөдрийн форумын зорилго юунд
оршиж байна вэ?
-Манай компани
Сингапурын инкубаторын цуврал бизнес хөтөлбөрийн нэг хэсэг болох Азийн Бизнес
инженерийн багийн албан ёсны төлөөлөгч, ложистикийн хамтрагч компани
юм. Бид Монголын ЖДҮ эрхлэгчидтэй хамтран ажиллахыг сонирхож Монголд ирээд байна. Бид олон улсын хүрээнд үндэсний жижиг бизнес
эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг Сингапураар дамжуулаад Зүүн өмнөд Азийн орнуудын
зах зээлд гаргах зорилготой ажилладаг. Монголын ЖДҮ эрхлэгчид дэлхийн зах
зээлийн хамгийн хөдөлгөөнт бүс болох Зүүн өмнөд Азид гарч бараа, бүтээгдэхүүний
борлуулалтаа тэлж, бизнесээ өргөжүүлэхэд туслаж дэмжиж ажиллана.
-Ямар замаар хамтын ажиллагааг дэмжиж, холбох вэ?
-Монгол дахь манай хамтрагч “Эрина солюшнз” ХХК-иар дамжуулан ажиллаж байна. Бид зөв бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Энд “Эрина солюшнз” ХХК холбож өгдөг юм. Бид яагаад танай орныг сонирхож хамтран ажиллах гэж байна гэхээр, Монголын бизнес эрхлэгчдэд олон улсын зах зээлд гарах маш их, гайхалтай боломж байгаа боловч үүнийг дэлхий төдийлөн сайн мэдэхгүй байгааг бид олж харсан юм. Монголд ялангуяа ХАА-н салбарын бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гарах их боломж байна гэв.
Сингапурт бизнесээ эрхлэхийг зорьж буй манай дотоодын компани, ААН-ийн төлөөллүүд “Рэдмарт”, Амизон”, "Али баба” зэрэг дэлхийн топ худалдааны сүлжээ сайтуудаар бараа, бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болж байгаа юм.
Энэ үеэр мөн “Могол ноос” ХХК-ийн ерөнхий захирал, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбаттай уулзахад, “Форумын үеэр Дэлхийн банкны төлөөлөл оролцсон сургалт семинар боллоо. Нэгд, хөрөнгө оруулагч нарыг олж өгч холбох ажлыг хийдэг юм байна. Хоёрт, манайхны хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийд борлуулах ажлыг давхар шийдэж өгье гэж байна. Нэг ёсондоо манайх шиг түүхий эдээр баялаг нөөцтэй хэрнээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ дөнгөж боловсруулж эхэлж буй улсад үйлдвэрлэгч нарыг эцсийн хэрэглэгчтэй холбож өгөх гэж байгааг би зөв арга зам байна гэж бодож байгаа” гэв.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ