Н.Мадуро огцрох цаг нь болсон гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-02 11:09:13

ВАШИНГТОН. /Anadolu/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро огцрох цаг нь болсон гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс баасан гарагт хэлжээ. Энэ тухай Флорида муж улсад цугласан Венесуэлээс цөллөгдсөн иргэд болон нийгэмлэгүүдийн удирдагчдад хандан хэлсэн байна.


“Одоо яриа хэлэлцээ хийх цаг биш харин үйл хэрэг өрнүүлэх цаг” гэж М.Пенс хэлээд, “Н.Мадурогийн дэглэмийг дуусгавар болгох цаг ирсэн” гэж тэмдэглэжээ.


Мөн тэрбээр, бямба гарагт Венесуэл даяар жагсахаар төлөвлөж буй иргэдэд хандан хэлэхдээ “АНУ та бүхэнтэй хамт” гэж хэлсэн байна.


Н.Мадурогийн Засгийн газрыг эсэргүүцэгчид бямба гарагт дахин жагсахыг Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө зарласан Хуан Гуайдо уриалсан билээ. Эсэргүүцлийн сүүлийн жагсаал энэ долоо хоногийн лхагва гарагт болсон юм.


АНУ, Канад болон Латин Америкийн ихэнх орнууд Х.Гуайдог тус улсын хууль ёсны удирдагч хэмээн хүлээн зөвшөөрсөн бол Н.Мадурогийн хувьд огцрохыг шаардсан уриалгаас татгалзсаар байгаа билээ.


"Венесуэлийн Засгийн газрыг түлхэн унагаахыг оролдож байна" хэмээн Н.Мадуро АНУ-г буруутгаж байгаа юм. Мөн тэрбээр, сөрөг хүчний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа хэдий ч сонгууль явуулах талаар ярилцахгүй гэж мэдэгджээ. 

Связанные новости