АНУ пуужин устгах гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ хоёрдугаар сарын 2-ноос эхлэн Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсооно гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баасан гарагт мэдэгдлээ.
Тэрбээр Төрийн Департаментад сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчлөө хоёр сарын дотор арилгахыг Вашингтон урьд нь Москвагаас шаардсан гэдгийг сануулсан байна. “ОХУ энэ 60 хоногт гэрээг бодитоор, хяналт тавьж болохоор дагаж мөрдөх ямар нэгэн алхам хийхээс татгалзсан. Тиймээс АНУ хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн пуужин устгах гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоож байна. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээний 15 дугаар зүйл заалтын дагуу АНУ уг гэрээнээс зургаан сарын дотор гарна гэдгийг бид ОХУ болон бусад талуудад албан ёсоор мэдэгдэх болно” гэж Майк Помпео хэлсэн байна.
“ОХУ аюулгүйн байдлын салбарт АНУ-ын эрх ашгийг аюулд оруулсан. Тус улс гэрээг “ичгүүр, сонжуургүйгээр” зөрчиж байгаа цагт бид гэрээгээр хязгаарлагдмал байх боломжгүй” гэж Америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн онцлон дурджээ. “Хэрэв ОХУ гэрээг зөрчиж байгаа пуужингуудаа болон пуужин харвах төхөөрөмжүүд, мөн холбогдох тоног төхөөрөмжүүдээ зургаан сарын дотор устган гэрээг бүрэн дагаж мөрдөхгүй бол гэрээ цуцлагдах болно” гэж Помпео мэдэгдлээ.