“Tesla” компани өнгөрсөн онд алдагдалтай ажиллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-01-31 13:47:41

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани өнгөрсөн онд 976 сая орчим ам.долларын /нэгж хувьцаанд 5.72 ам.доллар/ алдагдалтай ажилласан тухай тус компанийн лхагва гарагт нийтэлсэн тайлан мэдээнд дурджээ.


Тайлан мэдээнд дурдсанаар, “Tesla” компани 2018 онд нийтдээ 21.4 тэрбум орчим ам.долларын орлого олсон нь тус компани байгуулагдсан цагаас хойш олсон хамгийн өндөр орлого аж. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд тус компанийн орлого 7.2 тэрбум ам.доллар болж өссөн байна.


2018 оны сүүлийн гурван сарын хугацаанд “Tesla” 139.4 сая ам.долларын цэвэр ашиг олсон байна. Гуравдугаар улиралд энэ үзүүлэлт 311.5 сая ам.доллар байжээ. Энэ нь тус компани хоёр улирал дараалан ашигтай ажилласан анхны тохиолдол болохыг “The Verge” цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна. 2019 онд улирал бүр ашигтай ажиллана гэсэн урьдчилсан таамгийг тайлан мэдээнд дэвшүүлжээ.


“Tesla” мөн “Model 3” загварын цахилгаан автомашиныхаа үйлдвэрлэлийн хэмжээг 2019 оны дөрөвдүгээр улирал болон 2020 оны хоёрдугаар улирлын хооронд 500 мянгад хүргэнэ гэсэн амлалтаа биелүүлэх зорилго тавьсан байна. Энэ зорилгод 2018 онд хүрнэ гэж урьд нь төлөвлөж байсан боловч чадаагүй аж.


“Reuters” агентлагийн онцлон тэмдэглэж буйгаар, хөрөнгө оруулагчид “Tesla” компанийн санхүүгийн тайлан мэдээнд сэтгэл дундуур байгаа аж. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд илүү өндөр ашиг олно гэж ажиглагчид урьдчилан таамаглаж байжээ. Лхагва гарагт “Tesla” компанийн хувьцааны үнэ хөрөнгийн биржүүдэд бараг 3 хувиар буурсан байна.


АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй “Tesla” компанийг 2003 онд байгуулжээ. Тус компани эхлээд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн үед нарны зай хураагуур болон эрчим хүч хуримтлуулагч бусад төхөөрөмжийг үйлдвэрлэх болсон байна. 

Связанные новости