Хятадын экспорт, импорт өнгөрсөн сард өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-12-08 17:25:35

БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /interfax/. Хятадын экспорт өнгөрсөн сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.9 хувиар өсөж, 330.3 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 11 сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.


Импортын хэмжээ 1.9 хувиар өсөж, 218.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд зургаа дахь сардаа дараалан өссөн байна.


Trading Economics цахим хуудсанд мэдээлснээр, Хятадын экспорт дунджаар 3.8 хувиар, импорт 2.8 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байжээ. 


Өнгөрсөн сард Хятадаас Япон руу экспорт 4.3 хувиар, Өмнөд Солонгос руу 1.9 хувиар, Австрали руу 35.8 хувиар, АСЕАН-ийн улс орнууд руу 8.2 хувиар, Европын Холбооны улсууд руу 14.8 хувиар өссөн бол АНУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 28.6 хувиар буурчээ. 11 дүгээр сард Хятадын гадаад худалдааны тэнцэл эерэг үзүүлэлттэй гарч, 111.68 тэрбум ам.долларт хүрсэн нь 2024 оны мөн сард 97.33 тэрбум ам.доллар байсан үзүүлэлтээс өссөн байна.


Энэ оны 1-11 дүгээр сард Хятадын экспорт 5.4 хувиар өсөж, 3.41 их наяд ам.долларт хүрсэн байна. Үүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 1.2 хувиар, бордоо 61.5 хувиар, автомашин 16.7 хувиар нэмэгдсэн байна.


Сүүлийн 11 сарын хугацаанд импортын хэмжээ 0.6 хувиар буурч, 2.34 их наяд ам.долларт болжээ. АНУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 13.2 хувиар, Европын Холбооноос 2.1 хувиар, Оросоос 5.9 хувиар, АСЕАН-ы орнуудаас 1.2 хувиар тус тус буурсан байна. Тухайн хугацаанд гангийн импорт 10.9 хувиар, байгалийн хий 14.3 хувиар, газрын тос 19.3 хувиар, нүүрс 33.5 хувиар буурчээ.


Гадаад худалдааны тэнцэл 1-11 дүгээр сар хүртэлх хугацаанд 1.08 их наяд ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийн 884.7 тэрбум ам.доллартой харьцуулахад эрс нэмэгджээ.

Связанные новости