Монголбанк ипотекийн зээлийг сар бүр 16 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-24 18:18:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон сууцны найман хувийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 310 тэрбум төгрөг зарцуулахаас 118 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад олгосон хэмээн Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдэгдлээ.

Тэрээр , “Ипотекийн шугамаар 2018 оны 12-р сард 1152 зээлдэгчид 100 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Өнгөрсөн онд 4676 орон сууцыг ипотекийн зээлээр борлуулсан. Зээлийн журмыг шинэчилж хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна. Энэ талаар ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийн хүрээнд зөвшилцөнө.

Монголбанк сар бүр 16 орчим тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжилж байгаа. Энэ сард санхүүжилтээ хийсэн. Харин Засгийн газраас олгох энэ сарын санхүүжилт ороогүй байна. Үүнээс өмнө шинэ журмыг хэрэгжүүлээд явна гэсэн төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

Монголбанкнаас мэдээлж буйгаар, 2018 онд мөнгөний нийлүүлэлт 23 орчим хувийн өсөлттэй байгаа нь инфляцитай нийцэж байгаа үзүүлэлт аж. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 70 орчим хувь нь төгрөгийн хадгаламж, харилцах, 27 хувь нь валютын харилцах хадгаламж байгаа юм. Нийт хадгаламж 18.3 хувиар өссөн бөгөөд иргэдийн хадгаламж 19.6 хувь, байгууллагын хадгаламж 41.1 хувийг эзэлж байна. Харин арилжааны банкны зээлийн үлдэгдэл өмнө оны мөн үеэс 26 хувь буюу 17.1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс иргэдийн зээлийн өсөлт 35 хувиар буюу 8.9 их наяд төгрөг, хувийн байгууллагын зээлийн өсөлт 17 хувь буюу 7.9 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн 84 хувийг, чанаргүй зээлийн 85 хувийг байгууллагын зээл эзэлж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн мэдээлснээр, инфляци улсын хэмжээнд 8.1 хувьтай байна. Бид инфляцийн гүйцэтгэлээс гадна төлвийг харж, бодлогын шийдвэрээ гаргадаг. Өнөөдөр гаргасан шийдвэрийн нөлөөлөл дөрвөөс зургаан сарын дараа гардаг. Хамгийн сүүлд бодлогын хүүг нэмсэн нь гадаад, дотоодын эдийн засгийн идэвхжил, инфляци зэрэг олон хүчин зүйлийг харгалзан тооцож гаргасан” гэв.  

“Зээлийн хүүг бууруулах талаар Монголбанк ямар арга хэмжээ авч байна?” гэсэн асуултад, Монголбанкнаас 2018 оны 11-р сард энэ талаар холбогдох арга хэмжээ авах, зах зээлийн макро орчныг бүрдүүлсэн арга хэмжээг хэрэгжүүлсний дараа зээлийн хүү буурах боломжтой гэсэн байр суурьтай хэвээр байгаа гэв.

 

Связанные новости